.jpg)
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох ургамал, амьтан, хүмүүнд нөлөөлөх нөлөөллийг судалж тогтоон, амьдралд гарах хор уршиг, нөлөөллийг урьдчилан засаж, амьдрал ахуйдаа зөвөөр ашиглаж ирсэн билээ.
Иймээс 2026 оны гал морин жилийн тухайд онцгой засалтай хүүхдүүдийн талаар Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас тодруулсан юм.
Хүний амьдралд хамгийн чухал, өндөр эрсдэлтэй хоёр нас байдаг нь эхийн насаар 9, нөгөө нь 81 нас юм.
Ирж буй жилд 2024 онд төрсөн модон луутай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд зурхайн мөчлөг талаасаа төмөр суудалд сууж байгаа учраас ханиад, хатгаа гэхчилэн өвчинд өртөмтгий байх, бэртэж гэмтэх эрсдэлтэй. Иймээс мэсний хариулга заслыг заавал хийлгэнэ. Үүнийг жилийн дунд 6 сар, сүүл болох 12, 1 сард давтан заслаа хийвэл сайн.
Ер нь эхийн насаар 3 нас гэдэг маш хөдөлгөөнтэй үе. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулж, гэр орны нөхцөлд эрсдэлтэй хүчин зүйлсийг сайтар бодолцож, зохион байгуулалт хийх нь бидний хүүхдэдээ хийж буй хамгийн сайн тус юм.
2018 онд төрсөн шороон нохой жилтэй эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд гүймиг буюу 9 зүйлийн давтамж таарч байна. Тодруулбал, нас, жил, суудал гурвуулаа давхцдаг ховор тохиолдол юм. Энэ насны хүүхдүүдэд бэртэж гэмтэх, өвчин ээрэх, гай барцад учрах эрсдэлтэй тул тусгайлан гүймиг засал хийлгэж , 9 нүхтэй төмрийг биеэс салгахгүй бүтэн жил зүүж дом хийдэг уламжлалтай.
2023 усан туулай жилтэй эр, эм, 2017 оны гал тахиа жилтэй эр, 2015 оны модон хонь жилтэй эр, 2011 оны төмөр туулай жилтэй эр, эм хүүхдүүдийн Уурын үүд нээгдсэн тул сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай, эцэг эх, асран хамгаалагч, багш нартай үл ойлголцох, ам муруйх хандлагатай байдаг.
Тиймээс монголчуудын эртнээс ашиглаж ирсэн төөрөг буюу дэмбэрлийн зурхайгаар зан чанарыг нь тодорхой зуруулж, хувь хүнд нь тохируулан харьцсанаар зөв ойлголцох, ирээдүйг нь зөв зүгт чиглүүлэх, хүчээр биш аргаар харьцахад туслах ач холбогдолтой. Засал ном: Дашдондов, Доржнамжим, Цагаан шүхэрт тогтмол уншуулна.

Сэтгэгдэл ( 0 )