Европын Холбоо, АНУ-ын худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг түр зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Европын парламент АНУ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах процедурыг түр зогсоожээ. Өөрөөр хэлбэл АНУ-ын бараа бүтээгдэхүүн Европын зах зээлд гарахдаа татвар төлнө гэсэн үг. Эл процедурыг түр зогсоосон нь Вашингтонд өгч буй эхний дохио гэж Европын ардын намын тэргүүн Манфред Вебер мэдэгджээ.

Энэ сарын 26-нд Европын парламентын гишүүд АНУ-ын аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг цуцлах асуудлаар санал хураахаар төлөвлөж байсан. Энэ нь 2025 оны зун Брюссель, Вашингтоны хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийн гол заалтуудын нэг байв.

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ нь Их Британи, Герман, Дани, Нидерланд, Норвег, Финланд, Франц, Шведийн бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдээд Вашингтон Гринландыг бүрэн бөгөөд эцсийн байдлаар авах тохиролцоонд хүрэхээс нааш эл шийдвэр үйлчилсээр байна гэжээ. Трампын хэлснээр энэхүү шийдвэр хоёрдугаар сарын 1-ээс үйлчилж эхлэх бөгөөд зургаадугаар сарын 1-ээс татварын хувь хэмжээ 25 хувь хүртэл нэмэгдэх аж. Трамп мөн Европ цэргээ Гринланд руу илгээхээр зэхэж байгаа явдал нь маш аюултай тоглоом хэмээн сүрдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top