.jpg)
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, мега төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 88 хувьтай байна.
Туулын хурдны замын түр барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл 32.4 хувьтай байна. Хурдны замыг барих гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч гэрээ байгуулсан. Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны хүрээнд геодезийн хэмжилт бүрэн дууссан, инженер геологийн ажлын хүрээнд 40 цооног өрөмдсөн. Эдгээр ажлын гүйцэтгэл 56.9 хувьтай байна. Төслийн зураг төслийн хүрээнд шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зураг батлагдсан. Авто зам, гүүр хоолой, үерийн далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 92.9 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарт газар чөлөөлсөн. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцүүлж 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан. Санхүүжилтийн гэрээ зурагдсан. Түншлэлийн гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээж байна.
Дүүжин замын тээврийн барилгын ажлын явц 54 хувьтай байна. Яармаг, Арцат–Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас 18 тулгуур баганыг угсарч дууссан. Хоёр буудлын эргэлдэгч цамхаг тулгуур баганыг угсарсан. Тоног төхөөрөмжүүд болон тулгуур багана бүхий 125 чингэлэг төслийн талбайд буусан. Дүүжин замын тээврийн 28 кабин төслийн агуулахад хүргэгдлээ.
“Улаанбаатар метро” төслийн “Багц 1”-ийн хоёрдугаар шатны тендерийг 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр EPC+F нөхцөлөөр зарласан. Тус тендерийг ирэх тавдугаар сарын 1-нд нээнэ. Метроны норм стандарт, хууль эрх зүйн талаар судалж байгаа бөгөөд “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трам” төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээг корпорацын зарчмаар ажиллуулах санал боловсрууллаа.
Нэгдүгээр тойрог замын зураг төсөл, худалдан авалт, зам, замын байгууламжийн барилга угсралтын ажил, санхүүжилт (EPC+F)-ийн тендерийг 2025 оны едүгээр сарын 11-ний өдөр зарласан. Ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр нээнэ. “Улаанбаатар трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тендерийн бэлтгэл ажил хийгдэж байна. “Сэлбэ 20 минутын хот" орон сууцжуулах төслийн олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ сарын 16-нд зарлалаа. Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувьтай байна. Төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Туул усан цогцолбор төслийн ТЭЗҮ-ийг БНЭУ-ын “Калпатару прожектсинтернэшнл лимитэд” ХХК 2024 оноос эхлэн боловсруулж байна. ТЭЗҮ боловсруулах явц 90 хувьтай байна.
Мөн Хөрсний ус, үерийн хамгаалалт, Дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах төслүүд, Лаг шатаах үйлдвэр, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр, Олон түвшний уулзвар, Хүннү хотын дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, холбогдох ажлууд үе шаттай хийгдэж байгааг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа.






НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )