“ВОРЛД КОППЕР МАЙНИНГ” ХХК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД МАЛЧДАД ӨВС ХҮРГЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймгийн Сайханд суманд энэ өвөл цас их орсноос үүдэн цагаан зуд нүүрлээд байна. Цасны зузаан зарим газраа 40 см-т хүрсэн учраас хамар хатгах өвсгүйн дээр зам даваа хаагдаж, малчид өвс, тэжээлээ татах боломжгүй байдалд хүрчээ. Тэгвэл энэ хүнд цаг үед хувийн хэвшлийнхний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд малд шаардлагатай өвсийг малчны хотонд нь хүргэж өгч, өвлийг өнтэй давахад нь бодит тусламж дэмжлэг үзүүллээ.
Тодруулбал, тус сумын зургаадугаар багийн нутаг Гэзэг, Улаан үзүүрт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, цасны зузаан багадаа 20 см, дунджаар 40 см хүртэл цасан бүрхүүл тогтсон тул малчин өрхүүд төв суурин явах боломжгүй, өвс тэжээлээ татаж чадахгүйд хүрсэн учир, “Ворлд Коппер Майнинг” компани нийгмийн хариуцлагын хүрээнд зургаадугаар багийн 10 орчим малчин айл өрхөд нэн шаардлагатай байгаа өвсийг хүргэн өгөх ажлыг зохион байгуулсан байна.
Өвс тэжээлийг хүргэж өгөх ажлын хамгийн том бэрхшээл замын нөхцөл байдал байсан бол тус компанийн хамт олон Булган аймгийн онцгой байдлын албан хаагчдын тусламжтайгаар цасанд боогдсон малчин өрхүүдийн хотонд хүрч, өвлийг хүндрэл багатай даван гарахад нь тусламж дэмжлэг үзүүлжээ.
Энэ үеэр нутгийн малчид “Энэ жилийн өвөл манай нутагт тун хүнд байна. Цас ихтэй, өвсний гарц тааруу байсан. Цасны зузаан зарим газраа 40 см, доод тал нь 30 см, ар газраараа 50 см зузаантай байна. Энэ хөндий чинь битүү мал өвөлждөг газар. Адууны л орон. Гэтэл энэ жил адуу ч харагдахгүй байна. Цөөхөн үхэртэй айлууд өвөлжиж байна. Одоохондоо малын хорогдол гаагүй л байна. Гэхдээ зам, гарцгүй болчихсон энэ үед хувийн хэвшлийнхэн тусламж үзүүлж байгаад маш их баяртай байна” гэлээ.
Харин Ворлд Коппер Майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтангэрэл “Манай компанийн зүгээс Булган аймгийн Сайхан суманд ажиллаж байна. Малчдын хотонд ирэхэд замын нөхцөл байдал маш хүнд байна. Цас ихээр орсноос болж айлуудад хүрэх боломжгүй байдал үүсчихсэн байна. Харин Булган аймгийн онцгой байдлын албанаас бидэнд тусалж, өвс ачсан машиныг татаж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. Манай компанийн хувьд нийгмийнхээ хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийж ирсэн. Энэ жилийн хувьд өвөлжилт хүнд байгаа айлууддаа өвс тэжээлийн тусламжийг хотонд нь хүргэж өгөх ажлыг хэрэгжүүлээд явж байна” хэмээв.

Сэтгэгдэл ( 0 )