Ким Жон Ун олны өмнө шадар сайдаа ажлаас нь чөлөөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Рёнсоны машин үйлдвэрлэлийн нэгтгэлийн шинэчлэлийн эхний үе шат дууссаны албан ёсны арга хэмжээний үеэр шадар сайд Ян Сын Хо-г албан тушаалаас нь чөлөөлсөн тухай Солонгосын мэдээллийн KCNA агентлаг мэдээлжээ.

Тус арга хэмжээнд үг хэлсэн Ким Жон Ун хэлснээр, шинэчлэлийн ажлын эхний үе шат хариуцлагагүй, бүдүүлэг, чадваргүй удирдах ажилтнуудаас болж эмх замбараагүй байдал үүсэж, улмаар хүндрэл, эдийн засгийн багагүй хохирол учруулжээ. Тэрбээр зарим удирдлага аж үйлдвэрийг цэгцлэх, техникийн шинэчлэл хийхэд бэлэн бус байна гэж шүүмжлээд шадар сайд Ян Сын Хог тэргэнд хөллөсөн илжигтэй зүйрлэж, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Ким Жон Ун хөгжил цэцэглэлтэд тэмүүлж байгаа БНАСАУ-д гэрэлт ирээдүйг ойртуулах жинхэнэ дайчид, анхдагчид шаардлагатай гээд удирдах ажилтнуудад хандан Солонгосын хөдөлмөрийн намын зүгээс тавьж буй шинэчлэлийн бодлогыг шаардлагуудыг толгойдоо сэргээж, зорилтот төлөвлөгөө, шинжлэх ухааны аргачлалд тулгуурлан улсын ирээдүйг найдвартай хангасан шинэчлэгдсэн, тэргүүний эдийн засгийг цогцлоохыг уриалсан байна.

Бүтээн байгуулалтын эхний үе шат дууссаны бэлгэдсэн туузыг ерөнхий сайд Пак Тхэ Сон хайчилсны дараа Ким Жон Ун Рёнсоны машин үйлдвэрлэлийн нэгтгэлтэй танилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top