ТӨВ банк уу, ХАЛААСНЫ банк уу...

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гишүүд иддэг уудаг юм байж. Мэдээлэлд ойрхноороо түрий барьж сан нэрээр саадаг юм байж. Бүр байгаад нүүрсийг вагон, вагоноор нь “залгидаг” юм байж. Яв, явсаар намын дарга нь парламентын спикер хийдэг юм байж. Одоо бол банкаа халаасандаа хийжээ. Идэж уухад амар санагдсан уу, байн, байн дуудаж авчраад попроход ойрхон санагдсан уу Төв банк ямартаа ч спикерийн “халаасанд” орлоо. Уг нь Төв банк аль ч институтээс хараат бус, гаргасан шийдвэрийг нь шүүмжлээд, битгий давар гэж хэлэх зоригтой л баймаар юм уг нь.

Өчигдөр уншигч та анзаарав уу. УИХ-ын дарга Аудитын газрын даргыг, Монголбанкны ерөнхийлөгчтэй нь дуудаж уулзаад “сургаал” айлдсаныг. Түүнийгээ бүх хэвлэлээр гулгитал бөмбөгдсөнийг анзаарсан л байлгүй. Аудитын даргыг шалгалт хий гээд, Монголбанкны ерөнхийлөгчийг шалгуул гэж хөмсөг зангидаж байгаа нь нэг л эв хавгүй байлаа. Байгаа байдлаас нь харвал Путин дарга нараа загнаж байгаа ч юм шиг. Ер нь сонгууль дөхчихсөн ингэж хэлбэрдэх нь аргагүй л дээ. Уулзалтын гол агуулга нь 700 гаруй орон тоотой байгаа учраас үүнийгээ цөөл, бүтцээ шинэчил гэсэнд л оршсон юм шиг байна лээ. Хамгийн гол нь Н.Учрал айлдахдаа “Монголбанкны бодлогын алдаа, мөнгө хэвлэлт нь төгрөгийн ханшийг сулруулж, цалин орлогыг үнэгүйдүүлсээр ирсэн” гэв ээ. Сонин юм шүү. Сүүлийн гурван сонгуулийн үр дүнгээр засаг атгасан Ардын намын дарга нь ингэж хэлнэ гэдэг сонин шүү. Эцэст нь төгрөг үнэгүйжээд, цалин хүрэлцэхгүй байгаа нь Монголбанкны буруу юм шиг ойлгогдов. Өнөөх оюун дүгнэлтэд нь Монголбанкны шинэ ерөнхийлөгч юу ч гэж хэлсэнгүй. Төсөв тэлсээр түүхэн дээд хэмжээндээ хүрч, зарлага нь ч дагаад нэмэгдээд байдаг. Хувьцааны ногдол ашиг нэрээр баахан хувьцааг сонгуулийн өмнө тарааж, түүнийхээ дараа олонх болчхоод одоо Төв банкны даргыг ширээний ард бүлтэлзүүлэх ч гэж. Тавин жилээ байгаад таван жил дээрээ буусан хүслийн жагсаалтад ч Төв банкийг хараанаасаа холдуулахгүй гэдгээ битүүхэндээ хэлчихсэн. Тийм байтал эдийн засгийн бодлогын бүх алдааг Төв банканд нааж болохгүй баймаарсан. Одоо цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Тэгтэл нүүрсний үнэ буурсаар байдаг. Явж, явж Монголбанкны алдаа болоод дуусах вий.

Уг нь Төв банк аль ч институтээс хараат бус, гаргасан шийдвэрийг нь шүүмжлээд, битгий давар гэж хэлэх зоригтой л баймаар юм уг нь.

Уг нь байна аа, Төв банк гэдэг бол тухайн улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг, банкны системийн тогтвортой байдлыг хангадаг, мөнгөний нийлүүлэлтийг хянадаг санхүүгийн байгууллага юм. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, мөнгөн тэмдэгт гаргадаг тийм байгууллага. Хамгийн гол нь улс төрөөс хараат бус байх зарчимтай. Шийдвэрүүд нь эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг учраас улс төрөөс хараат байлгадаг юм л даа. Гэтэл манайд яг эсрэгээрээ байна. Хөмсөг зангидсан дарга нар юм л бол даргыг нь дуудаж уулзаад муулж байдаг. Өөрсдийнхөө бодлогын бүх бурууг Төв банк руугаа чихэж байдаг тийм л субъект болсоор удлаа. Ер нь Ардын намынхан байн, байн загнаж байх гэж л Төв банкны ерөнхийлөгчийг нь өөрчилсөн юм байна. С.Наранцогт гэдэг хүн л лав Төв банкийг улс төрөөс ангид байлгаж чадахгүй юм байна. Ямартаа ч С.Наранцогт гэдэг хүн Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын алба хашиж байхад нь эдийн засгийн эрх чөлөөг боомилсон 110 хууль, боомилж болзошгүй 228 хуультай байсан нь нүцгэн үнэн. Гагцхүү түүнийг 2015-2022 он хүртэл Сангийн яамны даргын сэтрийг хүртсээр шатлан дэвшиж явахад нь Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт багтаад, яг араас нь ФАТФ-ын “саарал” жагсаалтад орж таваргаж явсан юм шүү, Монгол Улс...

Ер нь Ардын намынхан байн, байн загнаж байх гэж л Төв банкны ерөнхийлөгчийг нь өөрчилсөн юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top