Филиппиний Их сургуулийн Лицей сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Энхтайван Филиппиний Их сургуулийн Лицей сургуультай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж, Монгол, Филиппин хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой баримт бичгийг байгууллаа.

Харилцан ойлголцлын Санамж бичигт Элчин сайд Д.Энхтайван, Филиппиний Их сургуулийн Лицей сургуулийн Академи боловсролын асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Др. Женнифер Д.Түкпи нар гарын үсэг зурж, ёслолын ажиллагаанд ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Лицей сургуулийн удирдлага, тэнхимийн эрхлэгч нар оролцов.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр талууд боловсролын салбарт эхлүүлсэн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Филиппиний найрсаг харилцааны бодит илэрхийлэл болж буйг тэмдэглээд, манай хоёр улсын иргэдэд харилцан өгөөжтэй байж, ойр дотно харилцаа, соёлын харилцан ойлголцолд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын нийслэл, орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 8 багш өнгөрөгч 2025 оны 10 дугаар сард Филиппин Улсын Гадаад хэргийн яамны харьяа Техникийн хамтын ажиллагааны Зөвлөлийн бүрэн санхүүжилтээр Филиппиний Их сургуулийн Лицей сургуульд 5 долоо хоногийн мэргэшил дээшлүүлэх түргэвчилсэн сургалтад хамрагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top