Азид үнэлэгдсэн Монголын Power expo & Festival

2 цагийн өмнө

Монгол Улсаас санаачлан зохион байгуулдаг Power Expo & Festival нь Азийн автомотив салбарын нэр хүндтэй Asia Automotive Award 2025 шагнал гардуулах ёслолоос “Motorsport Event Excellence Award”, буюу “Азид үнэлэгдсэн авто, мото спортын шилдэг арга хэмжээ” шагналыг хүртэж, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эвент болсноо бататгалаа.

Тус шагналыг 2026.01.17-нд Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Asia Automotive Award-ын 5 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр гардуулсан бөгөөд ийнхүү Монгол Улсаас гаралтай экстрим, энтертайнмент залуусын наадам нь Азийн шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор үнэлэгдлээ.

Asia Automotive Award нь автомашин, мотоспорт, авто технологи, үйлдвэрлэл, инноваци, салбарын эвент, маркетинг, брэндинг зэрэг чиглэлээр Азийн бүс нутгийн шилдэг байгууллага, төсөл, арга хэмжээг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй шагнал юм.

Монголын Power Expo & Festival нь экстрим спорт, экспо, энтертайнмент-ийг нэг дор уялдуулсан цогц арга хэмжээ бөгөөд олон улсын чанартай тэмцээн, уралдааныг тогтмол зохион байгуулж, төр хувийн хэвшил, бизнес, соёл, аялал жуулчлалын уялдааг хослуулсан шинэлэг шийдлээрээ олон улсын шүүгчдийн анхаарлыг татсан байна.

Сүүлийн жилүүдэд тус фестивальд олон улсын түвшний чадварлаг тамирчид тогтмол оролцох болсон төдийгүй экстрим аялал жуулчлалын салбарт Монгол Улсыг таниулах чухал платформ болон хөгжиж, гадаад, дотоодын аялагчдын сонирхлыг татах болсон нь энэхүү шагналаар нотлогдож байна.

Салбарын ажиглагчдын зүгээс уг амжилтыг Power Expo & Festival нь дотоодын томоохон арга хэмжээний хүрээнээс давж, Азийн зах зээлд өрсөлдөх чадвартай, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн эвент болсны тод илрэл хэмээн дүгнэж байгаа бөгөөд Монгол Улсаас гаралтай эвентүүд бүс нутгийн түвшинд амжилттай өрсөлдөх бүрэн боломжтойг харуулсан бодит жишээ хэмээн үнэлжээ.

Power Expo & Festival нь цаашид олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Азийн зах зээлд чиглэсэн эвент платформын байр сууриа бэхжүүлэх, моторспорт, энтертайнмент, экспогийн салбарт Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг ахиулах зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэхээр зорьж байна.

Энэхүү өндөр үнэлгээ, нэр хүндтэй шагналыг хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зохион байгуулагч баг хамт олон, хамтран ажилладаг дэмждэг байгууллагууд, оролцогч тамирчид, мөн 13 жилийн турш тасралтгүй дэмжиж ирсэн үзэгчид, дэмжигчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж, гүн хүндэтгэлтэйгээр баяр хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top