ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Өнөөдөр 2022.03.14. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 07 цаг 08 минутад мандлаа, 18 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -2 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Япон, БНСУ-д хосуудын эрчүүд нь эмэгтэйдээ бэлэг өгдөг өдөр аж. Андоррад Үндсэн хуулийн өдөр, Эстонд Эх хэлний өдөр.

Өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга жүдоч М.Уранцэцэгийн төрсөн өдөр. Түүнчлэн Уэлсийн хөлбөмбөгч Жо Аллен, Исландын хөлбөмбөгч Колбейнн Сигторссон, Америкийн гимнастикч, олимпын дөрвөн удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга Симон Байлс зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1955 оны энэ өдөр “Хятад Монголын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г үндэслэн боловсруулсан “Хятад Монголын соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх 1955 оны төлөвлөгөө”-г ажлын хэсэг хэлэлцжээ. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин болон БНМАУ-ын ГЯЯ-ны сайд Б.Жаргалсайхан нар тус тусын Засгийн газрыг төлөөлж Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна.

2013 оны энэ өдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, дэмжиж байв.

2014 оны энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийжээ.

Мөн энэ өдөр Монголын соёлын “Дэлхий” ассоциацаас санаачлан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр гуравдугаар сарын 18-наас эхлэн долоо хоногийн турш “Монголын өдрүүд”-ийг Хонконгт зохион байгуулахаар болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1942 оны энэ өдөр шинээр нээсэн пенициллинийг анх удаагаа өвчтөнд туршжээ.

1982 оны энэ өдөр Калифорнийн Анахейм хотод Металлика хамтлаг анхны тоглолтоо хийв.

2004 оны энэ өдөр АНУ-ын Калифорнийн Мохаве цөлд робот автомашины анхны уралдаан болжээ.

Мөн энэ өдөр Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон билээ.

Энэ өдөр үс засуулвал эрхтэн хурц болно.

Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top