Хүний ярьж буй зүйлсийг ноход ойлгож мэдэх чадвартай эсэхийг судалжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Хүний ярьж буй зүйлсийг ноход ойлгож мэдэх чадвартай эсэхийг лавшруулан судлах зорилгоор Унгарын “Eotvos Lorand” их сургуулийн эрдэмтэд нэгэн туршилт явуулжээ.

Эрдэмтэд  18 нохойг туршилтад хамруулахдаа чихэвч зүүлгэн, текст сонсгож MRI (соронзон резонанст томографийн шинжилгээ) төхөөрөмжөөр тархины үйл ажиллагааг нь ажигласан байна. Тэдгээрээс хоёр нохой нь испани хэлийг таних бол үлдсэн 16 нь унгар хэл сонсож өссөн  байжээ. Ийнхүү судалгааны явцад “Бяцхан хунтайж” хэмээх үлгэрийн номыг испани болон унгар хэлээр уншиж танилцуулан, хажуугаар нь зарим ойлгомжгүй үг, авиа нэмж оруулсан аж.

Харин сүүлд нь судалгааны үр дүнг нэгтгэн үзэхэд, тухайн ноход  хоёр өөр хэлийг төвөггүй ялгаж чадаж байсны зэрэгцээ ойлгомжгүй үгсийг сонсох үед өөр хариу үйлдэл үзүүлж байсан гэнэ. Харин өөрийн мэддэг хэлээ сонсох үед тархины үйл ажиллагаа нь эрчимжиж, илүү сайн хүлээн авч байсныг судлаачид онцолжээ.

Түүнчлэн нохдын насны ялгаа нь хүний хэлсэн үгийг боловсруулж, ойлгоход чухал нөлөө үзүүлж байсан бөгөөд хөгшин ноход илүү сайн ойлгож байжээ. Эдгээрээс үндэслэн нохой нь хүний ярьсан зүйлийг хүлээн авч, ойлгох бүрэн чадвартайн сацуу тухайн үгийг ямар өнгө аясаар хэлж байна гэдгийг мэдрэхээс гадна юу гэж хэлэх нь мөн чухал ач холбогдолтой болохыг тогтоосон байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.20.57) 2025 оны 03 сарын 13

oilgood baih ni ch yu yum,amid amitan adilhan tarhitai zurtei 100 huvi medremjeer amidarch baigaashde.

1  |  0
Top