Захиалсан барааг тань роботууд 30 минутын дотор хүргэж өгнө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

АНУ-ын үндэстэн дамнасан “Amazon” технологийн компани хэрэглэгчдийнхээ барааг түргэн шуурхай хүргэхийн тулд олон тэрбум ам.долларыг зарцуулж байна. Энэ жил гэхэд тус компани тээвэрлэлтийн зардалд нийт 35 тэрбум ам.доллар зарцуулсан нь сүүлийн хоёр жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Тус компани энэ баярын улиралд онцгой гишүүддээ нэг өдрийн дотор бараа хүргэх зорилгоор нэмж 1.5 тэрбум ам.доллар хаях болсон тухай  хөрөнгө оруулагчдадаа мэдэгджээ. Ашгийн хэмжээ багассаар. Гэхдээ “Amazon” компанийн ирээдүйд тавьж буй том зорилгын дэргэд энэ бол даруухан алхам гэж болох юм.

“Бид дрон буюу нисдэг аппаратын бүхэл бүтэн парктай болсон цагт дроноор үйлчлэх бүсэд амьдарч буй хэн бугай ч 30 минутын дотор захиалсан бараагаа авах боломжтой болно” гэж “Amazon” компанийн хэрэглэгчдийн асуудал эрхэлсэн захирал Жефф Уилк онцлоод гэхдээ үүнийг роботын тусламжтайгаар хэрэгжүүлэх боломжтой гэв.

Тус компани дэлхий даяар өртөг өндөр олон тооны  хангамжийн төвийг байгуулсан бөгөөд эдгээрийг хурдан шуурхай, өндөр үр ашигтай ажиллахад роботууд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс роботууд шуурхай хүргэлтийн шинэ эрин үеийг нээх юм. 

2012 онд “Amazon” 775 сая ам.доллароор “Kiva Systems” хөдөлгөөнт роботын гүйцэтгэлийн систем үйлдвэрлэгч гарааны компанийг худалдан авчээ. Өдгөө тус компанийн паркад 200 мянган Кива робот энэ худалдан авалт хийснээс хойш хөлсөлж авсан 500 мянган ажилтантай мөр зэрэгцэн ажиллаж байна. Хүргэлтийн хугацааг богиносгож, өрсөлдөгчдийнхөө түрүүнд алхахын тулд “Amazon” компани робот ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Өдгөө тус компани явган хүний замаар бараа зөөж явах чадвартай роботуудыг туршиж байгаа бөгөөд өөрөө явагч тээврийн хэрэгсэлд хөрөнгө оруулаад байна. Хэдийгээр робот ашиглах нь илүү амжилтад хүргэх ч хангамжийн төв зэрэг ажлын байрнаас өөр орчин роботуудыг удирдаж, ажиллуулах нь хүндрэлтэй байгаа  гэнэ.

Нэг робот “Amazon” компанийг хэрхэн шинэчилж, роботын дараагийн үе тус компанийг хэрхэн үүрд өөрчлөх вэ.

“Amazon” роботыг анх ашигласан

“Amazon” компанийн анхны робот тийм ч сэтгэл хөдөлгөм биш. Тэр “Оддын дайн” киноны “C-3PO” шиг явж, “The Jetsons” хүүхэлдэйн киноны “Rosie” шиг ярьдаггүй байв. Тэр бүү хэл гар, хөл, нүүргүй байжээ. “Гэр хийцийн” дугуйтай богино долгионы зуух” гэж нэгэн хэрэглэгч 2002 онд роботыг зохион бүтээсэн Жэйсон Ренод гомдоллож байжээ. Аргаа барсан “Kiva Systems” компанийн ажилтнууд хэрэглэгчдийнхээ гомдлыг барагдуулах үүднээс хохирлыг бүрэн барагдуулсан байна. “Kiva” роботыг анх хараад “Энэ ажиллана гэж  юу л бол” гэж бодож байсан тухай “Amazon” компанийн “ Zappos” охин компанийг үндэслэг байгуулагч Ник Свинмурн дурсжээ.

“Amazon” компани “Kiva” роботыг туршиж байх үед аж үйлдвэрийн роботууд шинэ үзэгдэл аль хэдийн биш болсон байсан. Олон арван жилийн туршид автомашин үйлдвэрлэгчид аварга том автомат гар ашиглан автомашин угсарсаар иржээ. Үйлдвэрүүд ч мөн энгийн роботуудыг өргөнөөр ашигласаар ирсэн.

Гэхдээ “Kiva Systems” нь тухайн үед цахим худалдааг хөгжүүлэх зорилгоор хөдөлгөөнт роботуудыг ашиглахыг зорьсон цорын ганц компани байв. Тус компанийн ажилтнууд олон тооны роботуудыг ашиглан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад аюулгүй хүргэж, улмаар робот нь өөрийн ажлын байрандаа буцан ирж, олон зуун роботтой зэрэгцэн өөрийн эгнээндээ буцан орж буйг төсөөлдөг байв. Ингэхдээ роботууд шалан дээрх баркодын тусламжтайгаар өөрсдийн байраа төвөггүй олох ёстой байв. “Kiva” роботоос өмнө цахим худалдаа эрхэлдэг бөөний төвийн ажилтнууд урт агуулахаар явж, бараагаа өөрсдөө авч, ачдаг байсан бөгөөд нэг ажилтан өдөрт дунджаар 24 км алхдаг гэсэн судалгаа гарч байжээ. Өдгөө тус компани хүний ажлын бүтээмжийг дээшлүүлэх тал дээр хөрөнгө хаядаг болжээ. Олон жилийн турш “Amazon” компани ажлын байрны хүнд нөхцөл, ажлын байранд гардаг гэмтэл ослоос болж шүүмжлэлд өртдөг байсан нь саяхан. “Kiva Systems”-ийг тус компани 2012 оны гуравдугаар сард худалдан авч, 2013 оны эхээр “Amazon” роботуудын тусламжтайгаар анхны хүргэлтээ хийж эхэлжээ. 2014 онд “Amazon” компанийн хангамжийн төвүүдэд 15 мянган робот ажиллаж байв. “Kiva Systems”-ийг худалдан авснаас хойш тус компани роботуудын загварыг дөрвөн удаа өөрчлөн шинэчилжээ. Үйлдлийн хувьд улам бүр боловсронгуй болж, харин хэмжээний хувьд багассаар байгаа робот хангамжийн төвийн агуулахын зай талбайг хэмнэж, илүү их хэмжээний бараа хадгалах нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр шинэ агуулах барихад зарцуулах олон сая ам.долларын хэмнэх боломж олгожээ.

Үйлдвэрийн шалнаас тэнгэр өөд

Өнөөдөр “Amazon” компанийн роботуудын “амбиц” хангамжийн төвөөр хязгаарлагдахаа больсон. Тус компанийн олон арван мянган инженер хиймэл оюун ухаан бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд явган хүний замаар явах чадвартай дөрвөн дугуйтай роботыг туршиж байна. Энэ сарын эхээр тус компани Бостон хотоос гадна робот үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөж буйгаа зарласан. Энэ хүрээнд тус компани өрөө явагч буюу жолоочгүй автомашин үйлдвэрлэгч нэгэн гарааны компанид хөрөнгө оруулсан бөгөөд жолоочгүй ачааны машинаар бараагаа тээвэрлэж эхэлжээ. Үүнээс гадна тус компани нисэгчгүй аппарат буюу бараа тээвэрлэхэд зориулсан дрон бүтээхэд зургаан жил зарцуулсан билээ. Өнгөрсөн долдугаар сард “Amazon” ажилчин-роботууддаа зориулан бага хурал хийж, тэдний хамтын ажиллагааг сайжруулах зорилго тавьсан байна. Явган хүний замд хүүхдийн дугуй, хогийн сав зэрэг тааралддаг. Эдгээр нь роботуудад саад учруулдаг. Нохой, муур зэрэг амьтад роботуудыг дагах зэрэг хүндрэлүүд ч тулгардаг аж. Өнгөрсөн хоёр, гуравдугаар саруудад Вашингтонд цас их орсон тул роботууд хэсэг хугацаанд амарсан гэнэ. Явган хүний зам роботуудын хувьд хүнд сорилт болж байгаа ч агаарын зам тэдний хувьд хамгийн хялбар зам. Мэдээж хэрэг дронууд агаар дахь төрөл бүрийн утас, цахилгаан шугамыг тойрон гарах шаардлагатайгаас гадна модны мөчир, шувуу зэргээс бултах ёстой. Тиймээс “Amazon” компанийн инженерүүд онцгой тохиолдолд аюулгүйн буулт хийх программыг бүтээсэн бөгөөд туршилт амжилттай болсон тохиолдолд ашиглалтад оруулах гэнэ.

Робот олшрох тусам асуудал нэмэгдэнэ

Хэрэв “Amazon” компанийн шинэ загварын роботууд алдаа гаргавал олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах эрсдэл бий. “Kiva”-г бодвол тус компанид өрсөлдөгч олон. “Alphabet”, “FedEx”, “UPS” зэрэг хүргэлтийн компаниуд бүгд л дроныг үйлчилгээндээ ашиглахаар хөрөнгө оруулж байна.

Үүнээс гадна “Amazon” компани роботуудын ажлын байранд үзүүлж буй нөлөөний талаарх асуултад хариу өгөх шаардлагатай тулгарах нь дамжиггүй. Гэхдээ тус компанийн “роботжих” кампанит ажил олон мянган ажлын байр шинээр бий болгосон. “Kiva”-г худалдан авсан 2012 онд “Amazon” нь “Microsoft”, “Apple” компаниудтай харьцуулахад хамаагүй цөөн тооны ажилтантай байсан бол өдгөө “Microsoft”, “Apple”, “Google” болон “Facebook” компаниудын ажилтнуудын тоог нийлүүлснээс илүү тооны ажилтантай болжээ.  Гэхдээ тус компани ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэхийн хэрээр ажлын өдрийн тоог нэмэгдүүлж, нэгэнт роботууд ажилд гарахад бүрэн бэлэн болсон цагт туршлага, чадвар муу ажилтнуудынхаа тоог цөөлнө гэсэн хардлага бий. “Хүмүүс хиймэл оюун ухаан, роботууд ажлын байрыг үгүй хийнэ гэж ярьдаг нь миний санааг зовоодог. Эдгээр төрлийн технологийн шинэчлэлийг хархад сүүлийн хэдэн жилд ажлын байрыг устгаагүй харин ч ажлын байр, ажлын хэлбэрийг өөрчилсөн” гэж Жефф Уилк тайлбарлаж байна.

Гэхдээ “McKinsey” группээс явуулсан судалгаанаас үзвэл автоматжуулалтын улмаас 2030 он гэхэд 375 сая хүн мэргэжлээ өөрчлөх шаардлагатай тулгарах аж. Зарим шинжээчид “Amazon” компани ирээдүйд бүхий л үйл ажиллагаандаа роботуудын нэвтрүүлэхээр зорих болно гэж таамаглаж байна. Үүнийгээ тэд “Amazon” компани үйл ажиллагааны үр өгөөжийн нэмэгдүүлэх, үйлчилгээгээ үйлчлүүлэгчдийнхээ шаардлагад нийцүүлэхийн тулд ийм сонголт хийх нь дамжиггүй гэж тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top