Бага ангийн сурагчид энэ 7 хоног хичээллээд АМАРНА

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай” А/560 дугаар тушаалын дагуу суралцагчдыг томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 7 дүүрэг (Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй)-ийн ерөнхий боловсролын сургуулийн бага анги 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр, дунд анги 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд тус тус цахимаар хичээллэх хуваарь гарсан. 

Энэхүү хуваарийн дагуу өнөөдрөөс бага ангийн сурагчид танхимаар хичээллэж эхэлсэн бол дунд ангийн сурагчид өнөөдрөөс цахимаар хичээллэж эхэллээ. 

Бага ангийн сурагчдийн өвлйн амралт ирэх долоо хоногоос буюу арванхоёрдугаар сарын 15-наас эхэлнэ. 

Бага ангийн сурагчдын хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм. Өвлийн хамгийн хүйтэн улиралд амралтыг сунгаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах зорилготой гэж албаныхан мэдээлж байсан. 

Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, долоо хоногийн хугацаанд амарна. Ахлах ангийн сурагчид мөн арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн амарна. Гэхдээ эхний долоо хоногийн хугацаанд хичээл цахимаар үргэлжлэх юм байна.

Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ. Тодруулбал, энэ долоо хоногт шалгалтын долоо хоног явагдах бөгөөд хичээлийн жилийн нийт хоног 170-185 байх хуулийн заалтыг хангах зорилготой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top