34 нэр төрлийн аюултай ачааг ХОТООС ГАДУУР явуулах боломж бүрдэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Ирэх онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан өнгөрсөн амралтын өдрүүдэд автозамын трассын дагуу ажиллалаа.

Төмөр замын ажлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн оны 2, 3 дугаар сард “Монголын төмөр зам ТӨХК” болон “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн төмөр замыг нийслэл хотоос гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор Багахангай дүүргээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүртэл 102 км үргэлжлэх салаа төмөр зам барихаар дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Мөн цаашлаад Хөшигийн хөндийн нэгдүгээр өртөөнөөс Толгойт өртөө болон Эмээлт орчим хүртэл уг төмөр замыг холбохоор төлөвлөж байна. Учир нь ДЦС 3, 4-ийн нүүрс орж ирэх төмөр замыг хэвээр нь үлдээх тул хот руу ойртуулж өгч байгаа юм. Иймээс ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө нийслэлийн зүгээс газар чөлөөлөлт хийхийг хүсэж байна. Уг төмөр замыг барьснаар Улаанбаатар хотыг дамжин өнгөрөх ачаа тээврийг хотоос гаргах, тэр дундаа 34 нэр төрлийн аюултай ачааг хотын дундуур бус хотоос гадуур явуулах боломж бүрдэж байгаа юм” гэв.

Авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хамгийн гол авто замуудын нэг бол Био комбинатын гүүрээс Эмээлтийн авто зам хүртэл 12.5 км үргэлжлэх тусгай зориулалтын авто зам юм. Хоёр эгнээ бүхий уг авто замыг барих бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэх бөгөөд тухайн ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотод Улаанбаатар хотын тээвэр, логистикийн нэгдсэн төвийг шинээр барина. Ингэснээр нийслэл хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, хот дундуур дайран өнгөрч буй төмөр замын эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ. Мөн уг авто зам ашиглалтад орсноор богино хугацаанд Хүннү хотыг барьж байгуулах дэд бүтцийн суурь тавигдах давуу талтай” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top