Европын цөмийн судалгааны байгууллагад монгол судлаачид ажиллана

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

ШХУ-ын Женев хотноо төвтэй Европын цөмийн судалгааны байгууллага (CERN)-д зочилж буй Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу тэргүүтэй физикийн шинжлэх ухааны докторууд, “Gej yu ve?” шинжлэх ухааны контентын залуусыг Элчин сайд Д.Гэрэлмаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, дэлхийн 113 улсын 12 000 гаруй эрдэмтэн, судлаач, инженерийн туршилт, судалгаа, мэдээллийн гол цөм - физикийн шинжлэх ухаан, инновацийн төв болсон тус байгууллагатай Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Элчин сайд Д.Гэрэлмаа нийт төлөөлөгчдөд талархал илэрхийлж, тус байгууллагад судлаачаар ажиллаж эхэлсэн Монгол Улсын ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн шинжлэх ухааны ахлах ажилтан, LHCb группын ахлагч, залуу доктор Б.Баасансүрэн, солилцооны дадлагажуулах хөтөлбөрт хамрагдаж буй залуу доктор н.Эрдэнэбулган нарт баяр хүргэж, өндөр амжилт хүслээ.

1954 онд байгуулагдсан Европын цөмийн судалгааны байгууллага (CERN)-тай Монгол Улс 2014 онд хамтын ажиллагаа тогтоосноос хойш төсөл хөтөлбөрт хамрагдах, уулзалт, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2025 онд тус байгууллагын Хамтрагч гишүүн улсын нэг болох бэлтгэлийг бүрэн хангаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top