Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын Нээлттэй өдөрлөгийг энэ сарын 14-21-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулах болсон байна. Энэ талаар болон тус салбартай холбоотой нийгмийн анхаарлыг татсан бусад асуудлаар мэдээлэл өгсөн юм.
- Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд ямар ажил хийгдэх вэ?
- Өдөрлөг маань долоо хоногийн хугацаатай үргэлжлэнэ. Бид иргэдээс ирүүлсэн санал гомдлыг бүртгэлжүүлж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмж хүргүүлнэ. Мөн БОАЖ-ын салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулга хийхээр төлөвлөсөн байгаа. Иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
- Зун болохоор л агаарын бохирдлыг мартаж эхэлдэг. Дараа жилийн өвөл нийслэлчүүдийг утаанд амьдруулахгүйн тулд ямар ажлыг хэрэгжүүлж байна вэ?
- “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо” хуралдсанаас хойш Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, УБ хотын Засаг даргын тамгын газартай хамтраад хэд хэдэн ажлуудыг хийсэн. Одоогийн байдлаар зарим ажил нь дууссан, зарим нь судалгааны дүгнэлт дээр явж байгаа. Энэ долоо хоногтоо Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж, 2018 хийгдэх ажлын төлөвлөгөөтэй танилцана.
- Утааг бууруулахын тулд шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлж түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсооно гэсэн. Шахмал түлшийг хангалттай хэмжээнд нөөцөлж чадах уу?
- Шахмал түлшний үйлдвэрүүдийг нэгтгэсэн зохион байгуулалтад оруулсан. “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны хуралд хийсэн ажлаа он сартай нь бид тайлагна. Нөөцийг бэлдэх боломж бий. Аж ахуй нэгжүүдтэй ярилцан тохиролцож байгаа. 2019 оны тавдугаар сарын 5-аас эхлээд УБ хотын 6 дүүрэг болон төвийн бүсэд түүхий нүүрсний хэрэглээг хориглох засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлнэ. Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, БОАЖЯ, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран детальчилсан хөтөлбөрөө удахгүй батална. Шахмал түлшний үйлдвэрлэлийн хүчин чадлыг урьдчилсан байдлаар тооцоолсон. Агуулах сав болон борлуулалтгүй үед санхүүжилтээ хэрхэн нөхөх тал дээр аж ахуй нэгжүүдтэй зөвшилцөж байгаа.
- Аялал жуулчлалын стандартыг сайжруулах хэрэгтэй гэж их ярьдаг. Гэвч төдийлөн үр дүн гарахгүй байх шиг?
- Сүүлийн хэдэн жил аялал жуулчлалын салбар эзэнтэй ч юм шиг эзэнгүй ч юм шиг байсныхаа горыг амсаж байна. Аялал жуулчлалын бүс нутаг дээр байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулснаас болж аюул учраад байгаа. Хэдэн гэр тавиад амралтын газар гээд нэрлэчихдэг. Жуулчдын аюулгүй байдлыг бүрэн хангадаггүй. Тиймээс бид бүс нутагт батлагдсан маршрутад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн стандартыг тодорхой болгох гэж байгаа. Мөн үйлчлүүлэгчийг хүндлэх ёсыг хэвшүүлэх нь чухал. Хоёрдугаарт эрүүл ахуй, ариун цэврийн асуудалд шинэ стандарт гаргаж ирэхгүй бол аялал жуулчлал хөгжихгүй. Бид байнга нүхэн жорлонтой байх нь зохисгүй. Аялагч аль ч камп-д очсон сэжиглэлгүйгээр бие засаж, хооллох орчин нөхцөлөөр хангагдсан анхан шатны стандартыг хэвшүүлэх юм. Энэхүү ажлыг 2018-2019 онд аялал жуулчлалын компаниудтай хамтраад хэрэгжүүлэх гэж байгаа.
- Аялал жуулчлалын маршрутыг батлах ажлыг хэрхэн хийж байгаа вэ?
- Монгол орныг зорих жуулчдын тоог саяд хүргэж, аялал жуулчлалын салбараас олох ашгаа нэг тэрбум доллар болгох зорилтыг тавьж байна. Тиймээс алдаа дутагдлаа хурдан засаж урагшлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. БОАЖ-ын сайдын “Монгол Улсад мөрдөгдөх Аялал жуулчлалын маршрут”-ыг батлах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Энэхүү асуудлыг энэ оны дөрөвдүгээр сардаа багтаад МУ-ын засгийн газрын хуралдаанаар оруулна. Улмаар батлагдсан аялал жуулчлалын маршрутын хүрээнд аюулгүй байдал, үйл ажиллагааны стандартыг Монгол улсын засгийн газар хангана. Хэрэв батлагдаагүй маршрутаар явж байгаад ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдолд тухайн аяллыг зохион байгуулж байгаа хүмүүс зардлыг нөхөн төлөх болно. Маршрут батлагдсанаар аялал жуулчлалын компаниа үйлчилгээнийхээ стандартыг сайжруулах болно. Цаашдаа Монгол Улс аялал жуулчлалын ямар төрөл дээр ямар бодлогоор өрсөлдөх вэ гэдэг нь тодорхой болно. Мөн тухайн бүс нутагт батлагдсан маршрутад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн стандартыг тодорхой болгох юм.
- Аялал жуулчлалтай холбоотойгоор тизний асуудал хөндөгдөх байх. Энэ тухайд?
- Зам тээвэр хөгжлийн яам болон агаарын тээврийн либералчлах талаар бодлого баримталж байгаа. Удахгүй хамтарсан салбарын хүмүүс ажлаа зохион байгуулах байх. Эдгээр болон бусад зөвшөөрөл, нөхөн сэргээлттэй холбоотой мэдээллийг нээлттэй хаалганы өдрөөр өгөх болно. Мөн нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэдийн санал гомдлыг шийдвэрлэнэ.
- Байгаль хамгаалахад хангалттай хэмжээнд БОАЖЯ ажилдаггүй гэх шүүмжлэл иргэдээс ирээд байгаа?
- Нөхөн сэргээлт болон байгаль хамгаалах талаар бид мөрдөх хууль журмаа хэр зэрэг биелүүлж байгаа тухай асуудал нэлээдгүй яригддаг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд бид хангалттай хуулиа биелүүлж чаддаггүй. Ашигт малтмалаас олсон тухайлсан орлогын 85 хувийг байгаль хамгаалахдаа зарцуулах ёстой гэсэн хууль мөрдөгддөг. Нутгийн өөрөө удирдах түвшний байгууллага, сум дүүрэг иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхэд энэхүү олсон орлогыг зарцуулах эрх нь байдаг гэтэл энэхүү олсон эрхээ манай ард иргэдийн итгэлийг авч сонгогдсон хүмүүс хангалттай хэрэгжүүлээгүйгээс хүндрэл үүсдэг. Жишээлбэл, Мөнгөн морьт сум өнгөрсөн жилүүдэд 580 гаруй сая төгрөгийн орлогыг самарнаас олсон. Тэгсэн хэрнээ ойн түймэр зэргээс хамгаалахад техник хэрэгтэй байна гэж бидэнд ярьж байна. Гэтэл тус олсон 580 сая төгрөгийнхөө 85 хувийг тухайн сумын иргэдийн төлөөлөгч нар ойг хамгаалахдаа зарцуулах бүрэн эрхтэй. Гэвч аймаг, сум, нийслэлийн удирдлагуудад зарцуулах эрх нь очиход мөнгөө бүрэн дүүрэн зарцуулдаггүй. Үүнийг нь иргэд сайн ойлголгүй БОАЖЯ-д мөнгө нь байгаа хэрнээ булаг шанд, байгалиа хамгаалахад мөнгөө зарцуулсангүй гэж шүүмжилдэг. Байгаль орчноо хамгаалах нь тухайн аймгийн удирдлагуудтай шууд холбоотой юм.
Шонхор шувууг арилжааны чиглэлээр худалдаалахыг албан ёсоор хориглосон
- Ан агнуурын зөвшөөрлийг хэдэн газар олгодог вэ?
- Ан агнуурын зөвшөөрлийг бүртгэлтэй 20 гаруй аж ахуй нэгжид олгодог. Энэ салбарт тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байгаа хэдхэн хүмүүсийн бизнес. Статистик тооцоо болон тухайн ан агнуурын бүсийн менежмент эзэмшигчдийн өгсөн хүсэлтийг харгалзан ан агнах зөвшөөрлийг өгдөг. Цаашдаа Засгийн газраас тусгай зөвшөөрлийг олгох тухай мэдээллийг олон нийтэд ил болгох ажлыг зохион байгуулахын тулд тусгай ажлын хэсэг гарсан. Татвар төлдөггүй, ажлын байр бий болгодоггүй, орон нутагтаа хамтарч ажилладаггүй аж ахуй нэгжүүд гомдол гаргаж байгаа. Тиймээс бид аль болох бүхнийг ил тод нээлттэй байлгана.
- Жилийн жилд шонхор шувууны ан агнуурын зөвшөөрөл яригддаг. Энэ жилийн хувьд зөвшөөрлийг хэрхэн олгох бол?
- Шонхор шувууг арилжааны чиглэлээр худалдаалахыг албан ёсоор хориглосон байгаа. Ард иргэдээс шонхор шувууны тал дээр хоёр санал ирж байгаа. Нэгдүгээрт ил тодоор арилжааны хэлбэрээр худалдаалах , эсвэл бүр мөсөн хориглох гэсэн санал бий. Одоогийн байдлаар цаашид тусгай зөвшөөрөл болон шалгууртай холбогдож шонхрын асуудал яригдана. Намайг ажлаа хүлээж авснаас хойш нэг ч шонхор шувуутай холбоотой асуудал яригдаагүй. Мэргэжлийн биологич нарын зүгээс надтай цаг тохирч шонхор шувууны асуудлаар уулзах хүсэлтээ илэрхийлээд байгаа. Одоогоор уулзаж арай амжаагүй байна.
- Агнуурын нөөцгүй газар ан агнах зөвшөөрөл өгсөн тохиолдол бий юу?
- БОАЖЯ тодорхой бодлогоо хэрэгжүүлж тоон мэдээллээ бүртгэдэг. Агнуурын менежмент хариуцагч компани тухайн хариуцагч компанитай тохиролцоогүй, тухайн чиглэлээр бизнес эрхэлдэг компанийн үл ойлголцол юм. Яваандаа бүх зүйл ил тод болоод ирэхээр хэн нь хэрхэн ажлаа хийж байгаа нь ил болох байх. Түрүүнд дурдсанчлан энэ салбарт бизнес хийж байгаа 20 гаруй л аж ахуй нэгж байдаг. Бид Монгол төрийн бодлогыг хүндэлж ил тод байх зарчим дээр ажиллана гэсэн байр суурьтай байгаа.
- “Дэлхийн уур амьсгалын сан”-гаас 150 сая орчим доллар өгдөг. Үүнийг хэрхэн зарцуулдаг вэ?
- Энэхүү 150 сая доллар нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ногоон технологид суурилах орон сууц дэмжих, дулааны алдагдлыг бууруулах гэх мэт ажилд зарцуулагдаж байгаа. Гэрээ нь албан ёсоор хийгдэхээр задаргаа нь гарна.
Зайсангийн аманд суурьшсан иргэдийг УБ хот руу шилжүүлнэ
- Богд уулын онцгой хамгаалалттай бүсэд газар олгох нь ихэссэн гэх мэдээлэл байгаа. Үүнд анхаарч байгаа юу?
- Миний бие ажлаа хүлээж авснаас хойш Богд уултай холбоотой 2, 3 газрын зөвшөөрлийг цуцалсан. Одоо нэгдсэн байдлаар ажлын хэсэг БОАЖЯ дээр хуулиар мөрдөгдсөн хэм хэмжээг зөрчсөн аж ахуй нэгжтэй хариуцлага тооцох баг гаргаад ажиллаж байгаа. Тухайлбал, анх газар хүсэхдээ хүссэн зориулалтынхаа дагуу ашиглаж байгаа эсэх, нийтийн эзэмшлийн зам талбай буюу зэргэлдээ байгаа аж ахуй нэгжийнхээ газрын үүдийг хаасан эсэхийг шалгаж үздэг. БОАЖЯ долоо хоног бүр бүх шатны шүүх дээр нэг өмгөөлөгч томилдог. Энэ нь дандаа Богд уулын тусгай хамгаалалттай холбоотой маргаан дээр ажилладаг. Бидэнд ирж байгаа санал гомдлын 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой газрын гомдол байдаг. Манай үндсэн ажил биш болохоор бид тусгай ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн засгийн газрын тогтоолоор Зайсангийн аманд суурьшсан иргэдийг тусгай хамгаалалтын газраас хасах, УБ хот руу шилжүүлэхэд нэгдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа.
- Богд уулын газрын зөрчлийн асуудлыг БОАЖЯ хариуцах уу?
- Сүүлийн 20 гаруй жил бид хууль ашиглаж хуулийн аюулгүй нөхцөл байдлыг уялдуулж гадна дотнын хөрөнгө оруулалттай олон объект Зайсанд баригдсаныг мэдэж байгаа байх. Цаашид энэхүү маргааныг БОАЖЯ хариуцахгүй. Хот нь өөрөө асуудлаа шийдэх болж ажлын хэсэг гарсан. Манайхтай холбоотой Богд уулын зургаан аманд аяллын маршрут байдаг. Тус алхах маршрутын тохижилтын ажил, хогийн цэг байгуулах асуудлыг бид өөрсдөө хариуцаж байгаа. Аж ахуй нэгжүүд маань хуулийн дагуу авсан үүргээ нэг нэгнээрээ дамжуулж төлбөрөөс зугтах, төлбөр цуцалснаас болж шүүхдэх, улмаар аж ахуй нэгжийн талд шийдвэр гарах тохиолдол гарч байсан юм билээ. Энэ жил нийтийн ёс зүй нийтийн эзэмшил нийтийн эрх ашгийн төлөө “Монгол Улсын засгийн газар хариуцлага сахилга батыг сайжруулах” жил байгаа учраас иргэд маань хууль, дүрэм журмаа мөрдөх байх гэж найдаж байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
Жуулчин татна л гээд байна Тэр жуулчдын баазуудын 00 асуудал зэрэг цэгцлэхгүй бол хэцүү юм билээ Ичмээр юм. Мөн зарим жуулчид сүм хийдийг их сонирхдог. Гэтэл манай сүм хийд тоос шороондоо дарагдсан янз бүрийн торго эд нар нь хиртэй ер нь лам нар нь хүртэл цэвэр, цамцгэр, нямбай сайхан байдал харагддаггүй хурдан гарах сэтгэгдэл төрөхөөр л байдаг шүү
Үйлчилгээ харилцаа ариун цэвэр гадаад хүнд өөр хандлага үнэ баримталдаг гайхаж дараачийн хүмүүст ийм байдал үүсэх вий гэсэн үүднээс бусдад нэг их их санал болгохыг хүсдэггүй юм байна гэсэн бодлыг олон гадны хүмүүсээс сонсож байлаа. Энэ салбарт ажиллагсдын сэтгэлгээнд том хөрөнгө оруулалт хийхгүй бол дарга нар жуулчин татна гэж сайхан мөрөөдөл ярьсан ч салбарт нь ажиллагсад үргээдэг. Хэрэв үүнийг өөрчилж чадвал монголд бүх улиралд жуулчидтай нэг сая байтугай жуулчин ирэх боломж бий
Монголд аялал жуулчлал хөгжүүлэх хүмүүс нь гадаадад хараар ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Тэд хэлний мэдлэг сайтай. Тухайн орны хүмүүс юу хүсдэг ямар зүйл сонирхдог ямар хоол, ярилцах сэдэв бас харилцаа хандлагын хувьд төлөвшсөн амьдралын хэв маяг нь болчихсон хиймэл хандлаггүй аливаад чин сэтгэлээсээ хийж сурсан олон давуу талыг эзэмшсэн байдаг. Монголд байгаа дөнгөж сургууль төгссөн хүүхэд өөрсдөө тухайн улс орны хүмүүсийн талаар дотор нь хутгалдаж үзээгүй хүмүүс сэтгэл ханамж өндбр үлдээж чадахгүй байна. Монгол яваад ирсэн жуулчид монгол орны үзэх харах зүйлд сэтгэл ханамж 100% ч үйлчилгээг
Олон улсын нислэгийн тоог олон болгож онгоцны нислэгээ үнийн бодлого байхгүй байж нэг сая жуулчин авна гэж ярих юм .тэгээд ч монголд аялал жуулчлалд чөлөөт өрсөлдөөн бий болгох гол зарчим сайн үйлчилгээ соёлтой харилцаа хандлага ариун цэвэр. Тэнд ажиллагсадад гадаад хүнийг мөнгө гэж хардаг хандлагын өөрчлөх хэрэгтэй. Жуулчдын ая тух сэтгэл ханамж дараагийн найз нөхөд танилаа монгол руу жуулчлах хүсэл төрүүлнэ. Гадаадад ажиллаж амьдарч байгаа жлс улсын амьдралын хэв маяг хүмүүсийн онцлогыг мэддэг хүмүүсийг монголдоо ажиллаж амьдрах нөхцөлийн бүрдүүлбэл тэд л жинхэнэ жуулчдыг сайн татна.
Заавал гадаад гэхгүй дотоод аялал жуулчлалаа хөгжүүлэх талаар бас анхаарч ажилла. Монголчууд өөрсдөө л өөрсдийгөө дэмжинэ. Тэр гадаадууд чинь аль болох л үнэгүй идэх, хонох, хүүхэн шаахыг бодно. Тэгэхээр дотоод аяллаа л хөгжүүлмээр. Хүн хүлээж авах газруудаа нэгдсэн стандарттай, ОО усны асуудаллыг нь шийдсэн, цахим сүлжээгээр мэдээлэл авах боломжтой болгочих. Тэгвэл эхний ажил чинь болно шүү. Манайхан үнэндээ очихоор үйлчилгээ орчин муу, хоол унд муутай, ОО усны асуудал хүндрэлтэй, хол газраас очиход цахим сайт сүлжээгээр мэдээлэл авах боломжгүй бүрхэг байдаг шүү.
худлаа амлахаа боль. зүгээр л ажлаа хий.
Монгол бол монгогуй тэнуулчдийн хог тарьж,дураараа тэнуулчилж,бааж шээдэг,дараа нь элдвээр доромжлуулдаг орон бишээ!!Ганзагийн тэнуулч жуулчдаа зогсоо! Тэднээр дутахгуй ээ! Орлого гэхээсээ хохирол доромжлол хийгээд л буцдаг улс!!!Эрдэнэбат гуай...
Аялал жуучлал хөгжүүлье гэж ярихдаа хамгийн чухалыг нь ярихгүй яадаг махан толгойт вэ. Дэлхийн хамгийн үнэтэй онгоцны билет худалдаж аваад хаана ямар газар очиж байгаа нь тодорхойгүй ийм газар хэн ирэх юм бэ. Ядаж замын зардалдаа сэтгэл гонсойхгүй байлгахын тулд тэр засгийн газартаа ухуулж ойлгуулаад тийзний үнээ юуны түрүүнд яаралтай буулга. Дараа нь бусад зүйлээ донгос.