Арчилсан нам чуулганыг гацаанд оруулахаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 09
Сонгууль болоход хоёрхон сар үлдлээ. Гэтэл сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажил тааруухан автомат машин нь байхгүй, цахим үнэмлэх ч орж ирээгүй байна. Техник талаасаа ийм асуудлууд тулгарч хууль эрх зүйн орчин талаас ч асуудал их байна. Саяхан Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуулийн зарим заалтад дүгнэлтээ гаргасан. Уг хуулийн зүйл заалт Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан гэж үзсэн юм. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байгаа. Мөн орон нутгийн хурлын болон УИХын сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлаар ч хоёр намын бүлгүүд харилцан тохиролцож чадаагүй л байна. 
УИХ дахь намын бүлгүүд өөр өөрсдийн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын болон З.Энхболд нарын өргөн барьсан хуулийн төслүүд юм. АН-ын зүгээс хоёр сонгуулийг хамтад нь явуулах хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдыг хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж эхэлсэн. Тэд сонгуулиас өмнөх зургаан сарын хугацаанд сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хууль байгаа тул хуулийн одоогийн заалтыг мөрдөх ёстой. Эсвэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа З.Энхболдын санаачилсан хуулийн төслийг баримтална гэж байгаа юм. Мөн Монгол Ардын Нам асуудлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй гэдгийг сануулсан үйл явдал өнгөрөгч баасан гаригт боллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “МАН-ын бүлэг 45 гишүүнтэй ч дангаараа шийдвэр гаргахгүй. Манай бүлэг завсарлага авах эрхтэй. Одоо мөрдөгдөж байгаа хуулиараа хоёр сонгуулиа хамт хийе. УИХ одоо энэ талаар бололцоогоо шавхсан” гэж хэлсэн юм. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг АНынхан өөрсдөдөө ашигтай байдлаар шийдвэрлэхийн тулд гацаанд оруулж чадна гэдгээ ийнхүү илэрхийллээ. Монгол Ардын Намын зүгээс хоёр сонгуулийг тусдаа явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Учир нь хамтдаа явуулбал хуулийн зөрүүтэй олон асуудлаар маргаан үүсч, яг сонгууль болохын өмнө ч Цэц дээр бүдэрч магадгүй байна билээ. Үүнээс гадна сонгогч олон маань гэнэтийн олон зүйлд төөрч будилна гэж үзэж байгаа юм. Сонгуулийн автоматжуулсан систем ашиглах болсонтой холбогдон санал тоолох автомат машин, иргэний цахим үнэмлэх, үнэмлэх уншиж таних машин гээд шинэлэг зүйл олон ашиглана. Дээр нь нэмээд хоёр сонгуулийг хамтад нь явуулбал нэг саналын хуудсан дээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нийлээд 80-аас доошгүй хүний нэр байж таарах гээд байгаа. Тэр олон хүний нэрэн дундаас хэдэн хүнийг, хэнийг нь яаж сонгохоо мэдэх болов уу даа. Монгол хэл дээр тайлбартай АТМ-аас картандаа байгаа мөнгөө авах гэж л учрыг ойлгохгүй бөөн юм болж, дараалал үүсгэдэг монголчууд маань хэзээ ч хэрэглэж байгаагүй, гадаадын машиныг хялбархан ашиглаад хурдхан саналаа өгчихнө гэдэг юу л бол. Тиймээс л хоёр сонгуулийг тусдаа явуулах нь хамгийн зөв гарц юм. 

Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг хоёр сонгуулийг заавал хамтад нь явуулна гээд зүтгээд байгаа. 2008 онд тохирч, баталсан хуулиараа орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулна гэсэн тайлбарыг АН өгч байна. Амаараа хэлэх, цаасан дээр бичих амархан ч амьдрал дээр хэрэгжүүлэх нь хэцүү гэдгийг АН ойлгодоггүй бололтой. Дээр нь нэмээд хэлэхэд ард түмнийг огтхон ч бодохгүй байна. Амьдрал дээр хэрэгжүүлэхэд үр дүн муутай, уршигтай нөхцөл байдал дагуулж болохуйц тийм хуулийг заавал хэрэгжүүлнэ гээд байна. Уршигтай нөхцөл байдал гэдэг нь өнөөх “Долдугаар сарын 1”-ний хэрэг явдал шиг тийм зүйлийг хэлээд байна л даа. Сонгууль болоход нэг нь ялж нөгөө хэд нь ялагдах нь гарцаагүй. Ядаж байхад сонгуулийн маргааш өглөө гэхэд Монгол Улс даяар сонгуульд ялагдсан хэдэн зуун хүн, тэднийг дэмжиж байсан хэдэн мянган хүн сэрэх болно. Унасан хүүхдэд шалтаг мунддаггүйтэй адил ялагдсан намууд, нэр дэвшигчид булхайтай боллоо гээд сонгуулийн дүнг эсэргүүцэж, жагсч магадгүй. Сүүлийн хэдэн жилийг хараад байхад монголчууд эсэргүүцлийн жагсаал гээчийг зохион байгуулж сураад байна шүү дээ. За тэгээд ард олныг төв талбайдаа дуудаад жагсч, дараа нь ялагдсан намынхан өөрсдөө алга болчихлоо гэхэд хөөрхий жагссан ард олон үймж, төрийн цагдаа хэлмэгддэг тийм жишээ бид хэдийнэ харсан шүү дээ. Гэтэл АН учирч болзошгүй нөхцөл байдал, үр дагаврыг ч бодолцож үзэхгүй заавал хамтад нь явуулна гээд зүтгээд байгаагийн учир юу вэ.

wwww.unen.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu