Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү МУГЖ Т.Ариунаагийн оронд “Universe Best Songs-2012” наадмыг шүүгээд зав муутай байгаа. Тэрбээр мэргэжлийн, чадварлаг дуучны хувьд залуучууд дуулахдаа ямар алдаа гаргаж байгааг, дууны нугалаа, үгийн дуудлага нь ямар байна вэ гээд чимхлүүр зүйлийг ч анхаарч, зөвлөгөө өгдөг нь үзэгчдийн сэтгэл нийцэж буй. Олон сая хүн амтай ОХУ-д болсон тэмцээнд түрүүлсэн болохоор аргагүй өөр байна шүү гэж магтах хүмүүс ч цөөнгүй. Монголдоо дуулаачийн сургууль нээж багшлахгүй юм уу гэсэн санал ч цөөнгүй тавьж байгаа гэнэ. Харин дуучин маань "Би өнөөдөр 25 настай. Өдий насан дээр багшлаад сууж байна гэдэг надад сонин байна" гэж илэн далангүй хэлсэн гэдэг. Түүний талаар цөөнгүй магтаал, шүүмж байдгийн нэг нь Б.Амархүү Буриад улсын ардын жүжигчин биш, нэр хүндтэй энэ шагналыг баргийн хүнд өгдөггүй гэлцэх болсон. Дуучин залуу Буриад улсын ардын жүжигчин биш гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр “Би хэзээ ч өөрийгөө “Ардын жүжигчин” гэж тайзан дээр урьдаггүй. Зарим нэг хөтлөгчийн мэдлэг муутайгаас болоод тэгж зарлагдсан байх. Би өөрийгөө тэгж зарласан бичлэг байвал надад авчраад үзүүлээрэй. Тэрний дараа ярилцъя. Би Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол улсын СТА. Тэгээд би зарим нэг хүмүүс шиг цол тэмдэгт баярлаад, ач холбогдол өгөөд байдаггүй. Өнөөдөр хийж бүтээж, дуулж яваа минь л чухал” хэмээн өгүүлжээ. Сонирхуулж хэлэхэд, дуучин Б.Амархүү өөрийн удаан хүлээлгэсэн монгол, орос дуунаас бүрдсэн холимог цомгоо ирэх долдугаар сарын эхээр гаргах гэнэ. Тэрбээр өөрийн бие даасан цомгийг гаргасны дараа цомгийн баяр болгон томоохон хэмжээний бие даасан тоглолтыг хийхээр хэдийнэ төлөвлөчихсөн байгаа гэнэ шүү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )