Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын ялыг хэвээр үлдээв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Жем молл” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбат шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Тэгвэл Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Энхбатад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн байна.

Шүүгдэгч Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, тус зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, ялыг хэвээр үлдээлээ.

Сануулахад, өнгөрөгч оны зургаадугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд гэр бүлийн таагүй харилцааны улмаас эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатыг шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болсон. 

Шүүхээс шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид, сэтгэцийн хохирол 162.3 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, амь хохирогчийн хүүхдэд олгож, амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдэд асран хамгаалагч томилохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн билээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top