Европын ямар орнуудад баялгийн тэгш бус хуваарилалт өндөр вэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 10

Европын ямар улс орнуудад баялаг шударга бусаар хуваарилагддаг вэ. Яагаад? Татварын тогтолцоо болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөл баян, ядуугийн ялгааг нэмэгдүүлж буй гол хүчин зүйлс гэж шинжээчид үзэж байна.

Баялгийн тэгш бус хуваарилалт дэлхий дахинд түгээмэл ажиглагддаг. Европт ч мөн ижил.

Европ тивийн хамгийн чинээлэг иргэдийн 10 хувь нь баялгийн 67 хувийг эзэмшдэг бол бага орлоготой иргэдийн 50 хувь нь эдийн засгийн нөөц баялгийн дөнгөж 1.2 хувийг эзэмшдэг байна.

Баялгийн хуваарилалтын түвшин улс бүрд өөр өөр болохыг Credit Suisse, UBS банкнуудаас бэлтгэн гаргасан “Global Wealth Report 2023” тайлан харуулжээ.

Баялгийн тэгш бус хуваарилалтыг Жини коэффициентоор хэмждэг. Жини коэффициент өндөр байх тусам тэгш бус байдал өндөр байдаг бол тэг үзүүлэлт баялгийн хуваарилалт тэгш гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Судалгаанд хамрагдсан Европын 36 оронд 2022 онд Жини коэффициент 50.8 /Словак/, 87.4 /Швед/ хооронд хэлбэлзэж байжээ. Исландаас бусад Скандинавын бүх орнуудад баялгийн тэгш бус хуваарилалт нэлээн өндөр байна. Финланд, Дани, Норвег, Швед энэхүү үзүүлэлтээр жагсаалтын дээгүүрт бичигдэж байгаа бол Швед жагсаалтыг бүр тэргүүлжээ.

Европын Холбооны “их 4”-ийн орнуудаас Германд баялгийн тэгш бус хуваарилалтын үзүүлэлт хамгийн өндөр буюу 77.2 байгаа бол Франц улс 70.3 коэффициентоор удаалж байна. Францын араас Испани /68.3/, Итали /67.8/ жагсаж байна. Европын Холбооны гишүүн байсан Их Британи 70.2 балл авчээ. Харин Бельги 59.6, Мальта 60.9, Словени 64.4 Словакийн араас баялгийн тэгш бус хуваарилалтын үзүүлэлтээр хамгийн бага орнуудын тоонд оржээ.

Баялгийн тэгш бус хуваарилалт ихээхэн өндөр байгаа Европын 21 орныг Швед тэргүүлж байна. Тус улсын хамгийн чинээлэг иргэдийн 10 хувь нь нийт баялгийн 74.4 хувийг эзэмшдэг.

Энэ бүлэгт Бельгид тэгш бус байдлын үзүүлэлт хамгийн доогуур байна. Баялгийн тэгш бус хуваарилалтаар өндөр үзүүлэлттэй ЕХ дөрвөн улсаас Германд хамгийн чинээлэг иргэдийнх нь 10 хувь нийт баялгийн 63 хувийг, Францад 54.9 хувийг, Испанид 53.8 хувийг, Италид 53.5 хувийг эзэмшдэг аж. Харин Их Британид энэ үзүүлэлт 53.3 хувьтай гарчээ.

Швед-онцгой тэргүүлэгч

Скандинавын орнуудад баялгийн тэгш бус хуваарилалт өндөр байгаа нь шинжээчдийн сонирхлыг татаж байна. Гэвч эдгээр орнууд нийгмийн хамгаалал, ардчиллын үнэт зүйлс зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгчдийн тоонд ордог.

Стокхолмын судалгааны “Arena Idé” төвийн тэргүүн Лиза Пеллингийн үзэж буйгаар, татварын тогтолцоо энэхүү парадокс чиг хандлагыг тайлбарлаж буй хамгийн үндэслэлтэй шалтгаан болж байна.

Сүүлийн олон арван жилд бид эд хөрөнгөд ногдуулдаг хэд хэдэн татварыг тэглэсэн гэж Пеллинг “Euronews Business”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Шведэд эд хөрөнгө, өв хөрөнгө, бэлэг зэрэгт татвар ногдуулдаггүй. Татвар төлөгчдийн мөнгийг татах замаар хөрөнгө оруулалт хийж, ашиг олон, үйл ажиллагаа нь амжилттай яваа Шведийн компаниуд энэхүү мөнгийг буцаан олгодоггүй гэж Пеллинг онцолжээ. “Шведэд аж ахуйн нэгжид маш бага татвар ногдуулдаг. Өөрөөр хэлбэл баян хүмүүст илүү их баяжих олон боломж бий” гэж Пеллинг ярьжээ.

Баян биш ч хамгаалал сайтай

Ингэхдээ тус улс тэгш эрхийн түвшнээр тэргүүлдэг орнуудын нэг хэвээр. Энэ нь гол төлөв нийгмийн халамжийн тогтолцоо сайн хөгжсөнтэй холбоотой гэж тэрбээр үзэж байна. Хүмүүсийн эрүүл мэнд, тэтгэвэр, ажилгүйдлийн болон эрүүл мэндийн даатгалд итгэх итгэл өндөр байдаг гэж Пеллинг онцолжээ. Тиймээс шведүүдэд мөнгөө хадгалах шаардлага бага байдаг аж.

Түүний хэлснээр, гол асуудал нь баян хүмүүст улам баяжих боломжийг олгодог татварын онцгой тогтолцоонд бий. Тухайлбал, Шведийн хөрш Финланд улсад сургуулиуд нь улсынх байдаг бол харин Шведэд ахлах ангийн сурагчдын 30 гаруй хувь нь хувийн сургуульд суралцдаг байна. Хувийн сургуулиуд сургалтын төлбөрөөс ашиг олоод зогсохгүй төрөөс бүрэн санхүүжилт авдаг. Мөн ижил дүр зураг эрүүл мэндийн тогтолцоонд ажиглагддаг. Эрүүл мэндийн анхан шатны тусламж хувьчлагдсан байдаг. Энэ нь ашигтай. Татварын мөнгөөр санхүүждэг компаниудын эзэд улам баяжсаар байна гэж Пеллинг онцолжээ.

Баячууд юугаар баян бэ?

Баялгийн тэгш бус хуваарилалтын хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь активын бүтэц юм гэж Европын амьдрал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах сан (Eurofound)-ийн судалгааг удирдсан Эстер Сандор, Карлос Вакас-Сориано нар үзэж байна. Ингэхдээ үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн түвшин мөн чухал хүчин зүйлсийн нэгт тооцогддог байна.

Хүн амын дунд хувьдаа орон сууцтай иргэд ихтэй орнуудад баялгийн тэгш бус хуваарилалтын үзүүлэлт нь доогуур байдаг гэнэ.

Ингэхдээ хүчтэй эдийн засагтай Герман улсын нөхцөл байдлыг судлаачид дүгнэхдээ тус улсад орон сууц түрээслэгчдийн эзлэх хувь өндөр байдаг хэдий ч баруун Европын бусад орнуудтай харьцуулахад хэрэглээний коэффициент маш бага байдаг. Үүнд түрээсийн хатуу журам, орон сууцны нийлүүлэлт харьцангуй өндөр байдаг нь нөлөөлдөг аж.

Европын Холбооны статистикийн албаны мэдээллээр, 2022 онд Германы хүн амын 46.5 хувь нь өөрсдийн хувийн орон сууц, хауст амьдарч байжээ. Харин Европын Холбооны хэмжээнд энэ үзүүлэлт дунджаар 69.1 хувь байдаг аж.

Шударга байдал хүртэл хол

Европын Холбооны “их 4” улсаас Жини коэффициентоор илэрхийлэгддэг баялгийн тэгш бус хуваарилалт 2000-2022 оны хооронд зөвхөн Германд л 4.3 индексээр буурч байжээ. Гэвч 2022 онд тус улсад баялгийн тэгш бус хуваарилалт хуучин үзүүлэлтдээ эргэн ороод зогсохгүй “их 4” дундаа хамгийн өндөр коэффициентод хүрчээ. Мөн хугацаанд Их Британид тэгш буй хуваарилалтын түвшин буурах хандлага гарч байжээ. Харин эсрэгээр баялгийн тэгш бус хуваарилалтын үзүүлэлт Италид +7.4, Испанид +2.8 болон Францад +0.6 индексээр нэмэгдэж, хамгийн өндөр өсөлт ажиглагдсан байна. Эх сурвалж: Euronews

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.177.182) 2024 оны 04 сарын 12

Яагаад ийм шал худлаа мэдээ тавиад байнаа? Европод нийгмийн баялгийг маш нарийн тэнцүү жигд хувиарилдаг. Тэтгэвэрийн доод хэмжээ 2500€ байдаг нь үүний баталгаа. Цалин, тэтгэвэр өндөр байдаг учраас тэнд хүмүүс чинээлэг тайван аз жаргалтай ажиллаж хөдөлмөрлөж сурч боловсорч чанартай эмнэлгийн үйлчилгээ авч урт насалдаг. Байгалийн баялгийн иэгш бус хуваарилалт зөвхөн монголд байгаа., өөрөөр хэлбэл иргэдэд юу ч оногддог гүй тэднийг хууран мэхэлж улам ядууруулж байгаа. Тэтгэвэр гэхэд монголд дөнгөж 200$ яанаа миний ард түмэн!!!!!

1  |  1
Top