Азийн Тандан судлал 43-р их хурал Монгол Улсад болж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

ACRS-2022 буюу “Азийн зайнаас тандан судлалын 43 дахь хурал” өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Гурван өдөр үргэлжлэх тус хурал нь цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдаж байна.

Энэхүү хурлын зорилго нь сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх, зайнаас тандан судлалын сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлийг нийтэд танилцуулах, тус салбарын хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулахад оршиж байгаа юм.

Түүнчлэн эл олон улсын хурал нь дэлхийн өнцөг булан бүрт засгийн газар, их дээд сургууль, академи, аж үйлдвэр, бусад геомэдээллийн хэрэглэгчдэд зориулсан өргөн цар хүрээтэй платформ бөгөөд хурлын үеэр зайнаас тандан судлах болон гео орон зайн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийн талаар ярилцаж, шинжлэх ухааны нээлт, судалгааны үр дүн, ололт амжилт, тулгамдсан асуудлуудыг хуваалцах юм. Мөн оролцогчдод өөрсдийн хамгийн сүүлийн үеийн гео орон зайн бүтээгдэхүүн, инноваци, боловсронгуй технологиудыг танилцуулах боломжийг олгодгоороо ач холбогдолтой юм байна.

"ACRS-2022"-ын нээлтийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Азийн Тандан судлал/ACRS/-ын 43-р их хурал Монгол улсад 16 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаад баяртай байна.

ACRS нь зайнаас тандан судлах хөгжил, түүнчлэн сансрын болон газарзүйн технологийн салбар дахь хамгийн том, өргөн хүрээтэй, нэр хүндтэй хурлын нэг юм.

Манай улс 1967 онд Олон улсын Интеркосмос хөтөлбөрт хамрагдсанаас хойш сансар судлалын судалгааны ажилд идэвхтэй оролцож эхэлсэн. Мөн 1981 онд анхны иргэнээ сансарт илгээснээр сансар судлалын олон улсын хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд уг сансрын нислэгийн үеэр Монгол эрдэмтдийн боловсруулсан олон туршилтуудыг ашигласан билээ.

Монголын анхны сансрын нисгэгч ноён Ж.Гүррагчаа сансрын хөлгөөсөө Монголын нутаг дэвсгэрийн олон гэрэл зургийг авсан байдаг. Сансрын нислэгийн дараа түүний бүх зургуудыг шинжлэх ухааны өөр өөр хэрэглээнд амжилттай ашиглаж ирсэн.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс сансрын технологийн салбартаа тодорхой хэмжээний ахиц дэвшил гаргасан. Тухайлбал, МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лаборатори, ШУА-ийн Сансрын шинжлэх ухааны судалгааны төв, Зайнаас тандан судлах үндэсний төвд хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах станц зэрэг хэд хэдэн байгууллагын сансрын технологийн хөгжилд төрөөс анхаарал хандуулж байгаа. Гэсэн хэдий ч дэвшилтэт технологийг улам боловсронгуй болгохын тулд бид олон улсын хамтын ажиллагаа, сүлжээгээ хөгжүүлэх шаардлагатай байна" гэв. Мөн өнөө жилийн хурал "Байгалийн болон газрын нөөцийг дижитал шилжилт рүү зайнаас тандан судлах" сэдвийн дор болж байна. "Дижитал шилжилт" бол бодит цагийн өгөгдлөөр шинэчлэгдсэн манай ертөнцийн виртуал дүрслэл тул энэ чиглэлд шинэ технологи, хиймэл оюун ухаан, машин сургалтын аргууд, олон эх сурвалжаас авсан зайнаас тандан судлалын болон гео мэдээллийг нэгтгэн судалгаа хийх боломжийг бидэнд олгож байна" хэмээн онцлов

ACRS-2022 хуралд нийт 18 орноос 140 гаруй эрдэмтэн судлаачид 9 бүлэг сэдвүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн илтгэлүүдээ танилцуулах юм. Тус хурлыг Азийн Тандан Судлалын Холбоо, Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, Монголын Гео-Мэдээллийн Холбоо, МонМэп ХХК хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top