БНСУ-ын Соёлын өвийн хүрээлэнтэй хамтарч, үлэг гүрвэлийн олдворыг хамгаална

2023 оны 04 сарын 03

БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнтэй үлэг гүрвэлийн олдворыг судлах, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнг төлөөлж, захирал, доктор Х.Цогтбаатар, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнг төлөөлж захирал, доктор Ким Ёнсүү (Yeon-soo Kim) нар гарын үсэг зурах үйл ажиллагаа 2023 оны 3 сарын 29-ны өдөр Тэжон хотноо болов.

Уг санамж бичиг нь БНСУ-ын Дээд Прокурорын газар болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын  газрын хооронд 2017 онд байгуулсан “Монгол Улсын үлэг гүрвэлийн чулуужсан ясыг буцааж илгээх болон хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай” хэлэлцээрийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

-Монгол улсаас БНСУ-д хууль бусаар гаргасан нэр бүхий 11 ширхэг үлэг гүрвэлийн олдворыг бүртгэн баримтжуулах,

-Техник боловсруулалт, сэргээн засварлалт хийх,

-Монголд хийгдэх хээрийн судалгаагаар хууль бус малтлагад өртсөн олдворт газрыг  олж тогтоох,

-Олдвор бүрийг нягтлан судалж, мэргэжлийн сэтгүүлд хэвлэн баталгаажуулах,

-Тэдгээр олдворуудыг Монголд эргүүлэн өгөхөөс өмнө тэдгээрт хийсэн судалгаа шинжилгээнд суурилсан үр дүнгээр Солонгост үзэсгэлэн гаргах зорилготой хамтын ажиллагааны эхлэл болох юм.

Палеонтологийн хүрээлэнгээс нэг эрдэм шинжилгээний ажилтан энэ оны 5 сард 2 сарын хугацаатай техник боловсруулалтын ажилд оролцохоор явах бөгөөд 6 сарын хоёрдугаар хагаст хээрийн хамтарсан судалгаанд оролцохоор Солонгосын талаас 4-5 судлаач Монголд ирэхээр тохиролцов.

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top