Э.Уянга, Э.Пүрэвдорж нар “Шилдэг судлаач”-аар тодорлоо

2023 оны 02 сарын 27

ШУА-иас эрдэмтэн судлаачдаа дэмжин урамшуулах зорилгоор жил бүр “Шилдэг судлаач”, “Шилдэг залуу судлаач” шагналыг олгодог уламжлалтай. Ингэхдээ ШУА-ийн шагнал олгох журмын дагуу эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын онол арга зүйн түвшин, хэрэглээний ач холбогдол, үр дүн, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан Тэргүүлэгчдийн хурлаар сонгон шалгаруулдаг.

2022 оны “Шилдэг судлаач”-аар ФТХ-ийн эрдэм шинжилгээний  ахлах ажилтан, доктор  Э.Уянга, “Шилдэг залуу судлаач”-аар ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Пүрэвдорж нар тус тус шалгарчээ. Эдгээр судлаачдад өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл шагналыг нь гардуулж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүслээ.

Доктор Э.Уянга нь  2015 онд физикийн ухааны доктор (PhD)-ын зэргийг “Устөрөгчит энергийн үүсгүүрт ашиглах Pt/NbxTi1-xO2 нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдвээр МУИС болон Францын Ле Манны их сургуулийн хамтарсан сэндвич хөтөлбөрийн хүрээнд хамгаалжээ.  

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нано хэмжээст шинэ материалын кристалл, соронзон, электрон бүтцийг нейтрон, рентген, синхтротрон туяаны аргуудаар судлах, тэдгээрийн физик шинж чанарыг тодорхойлох чиглэлээр ажиллаж байна. Энэ хугацаанд Э.Уянга нь 2 суурь судалгааны төсөл, 1 цөм технологийн төсөл, 1 гадаадтай хамтарсан төслүүдэд үндсэн болон хавсран гүйцэтгэгчээр тус тус ажилласан.  2019 оноос Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны академи (TWAS)-ийн грантад шалгарч “Соронзон нанобөөмийг гарган авах, түүний физик шинж чанарын судалгаа” төслийг удирдан хэрэгжүүлж байна.

Доктор Э. Уянга нь 2017 онд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН” шагналыг хүртэж байв.

Судалгааны ажлын үр дүнгүүдийг нэгтгэж 2022 онд хянан магадалгаа бүхий мэргэжлийн сэтгүүлд 4 эрдэм шинжилгээний ажлыг хамтран зохиогчоор хэвлүүлсэн байна. Ажиллаж байх хугацаанд нийт 30 орчим өгүүллийг хэвлүүлсэн бөгөөд нийт 145 эшлэл авч, түүнээс h-индекс 7 байна.

 

Судлаач Э.Пүрэвдорж  нь 2012 оноос эхлэн ШУА-н Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторид эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж байна.

Тэрээр  МУИС-н ББС-д “Цагаан цээнийн (Paeonia lactiflora Pall.) липаза ферментийг дарангуйлах идэвх ба фитохимийн судалгаа” сэдвээр биологийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 

Э.Пүрэвдорж нь эмийн үйлдэлтэй бага молекулт нэгдлүүдийг ургамлаас  хроматографын аргуудаар ялгах, физик, химийн шинж чанар, молекулын бүтцийг тогтоох, эмийн болон хорт ургамлын биологийн идэвх, эмийн ургамлын түүхий эдийг стандартчилалын чиглэлээр ажиллаж байгаа ба одоогоор монгол орны 5 зүйл эмийн ургамлаас 100 гаруй бага молекулт нэгдлийг ялгаж бүтцийг тогтоосноос 6 нь урьд өмнө тодорхойлогдож байгаагүй, байгалийн шинэ нэгдэл болохыг тогтоосон. 

Түүний судалгааны ажлын үр дүнгээр олон улсын хянан магадалгаа бүхий сэтгүүлүүдэд 3 өгүүлэл, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 11 өгүүлэл хэвлүүлж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 16, дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад 19 илтгэлийг тус тус амжилттай хэлэлцүүлжээ. Мөн Монгол улсын үндэсний фармакопейн өгүүлэл 3–г боловсруулан батлуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top