Хүлээлт дагуулсан 103 ДУГААР ТОГТООЛ

2022 оны 06 сарын 06

Засгийн газрын Ажлын хэсэг  Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй хэлэлцээгээ үргэлжлүүлэн хийж байгаа гэсэн мэдээллийг засгаас өгч буй. Дэд сайд Б.Солонгоогийн хэлж буйгаар УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилласан Ажлын хэсэг өдгөө УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа аж.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан 103 дугаар тогтоолыг тодотгоход: “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг парламентаар хэлэлцэн баталсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар уг 103 дугаар тогтоолыг баталсны дараа ач холбогдлыг нь тодотгон хэлэхдээ, “Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэгдэнэ. Өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд цаашид хийнэ.

Энэ хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой.

“Рио Тинто”, TRQ компаниудын зүгээс далд уурхай ашиглалтад орж эхлүүлэх хугацаанд шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар төлөвлөж, “Оюу толгой” ХХК цаашид нэмэлт өр үүсгэхгүй байхаар төлөвлөсөн байгаа нь сайшаалтай. Ингэснээр Монголын ард түмний ногдол ашиг авах хугацаа наашлах нөхцөл бүрдэх юм.

Оюутолгой ордыг хамтран ашиглах үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээ цаашид амжилттай хийгдэж Монголын ард түмний хүлээж буй өгөөж хүртэх нөхцөл бүрдэнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Мөн 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог даргалан ажилласан Ц.Даваасүрэн гишүүн ч спикертэй ижил байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр  “Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд хийнэ. Уг гэрээ хүчингүй болсноор Дубайн 4.1 тэрбум ам.долларын зээл хүчингүй болж ногдол ашиг хүртэх хугацаа наашлах төдийгүй, зээлийн үйлчилгээний төлбөр болон баталгааны хураамж гэсэн 2.9 хувийн хураамжийг “Оюу толгой” ХХК-д төлөхгүй байх нөхцөл бүрдэнэ.  Мөн “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой” гэсэн юм.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо хэлэхдээ, үр дүнд хүрэх гэж яарахаас илүүтэй 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангахад илүүтэй анхаарал хандуулж байна гэсэн байсан.

Тэгэхээр хэлэлцээний явцад шийдвэрлэгдсэн хийгээд шийдвэрлэгдэх боломжтой талаар  талуудын дунд яригдсан дээрх асуудлуудаас онцгойлон анхаарах гол асуудал юу вэ гээд аваад үзэхээр, яах аргагүй татварын талаар онцлох хэрэгтэй болно.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, гадаад, дотоод тал талын хүчин зүйлсийн улмаас амаргүй байдалд орж, ам.долларын дотогшлох урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал эхэнд эрэмбэлэгдэж байгаа. Тиймээс Оюутолгой төслөөс орж ирэх ам.долларын урсгал Монголын эдийн засагт чухал нөлөөтэйг хаа хаанаа ойлгож буй. Гэхдээ Оюутолгой төсөлтэй холбоотойгоор ирэх жилүүдэд яригдах шаардлагатай асуудлуудын эхэнд суурь гэрээгээр зохицуулсан татварын асуудлууд яах аргагүй байж л байх юм.

Оюутолгойн талаар олон жил яригдсан асуудлуудын үндэс углуурга нь хаана байгаа вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээнүүдэд ямар өөрчлөлтүүд хийснээр энэ төслөөс хүртэх өгөөж бодитой нэмэгдэх вэ, цаашлаад учирч болзошгүй эрсдэлүүд буурах вэ гэдгийг өмнө нь  Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоогоос тодруулахад “Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүсэж байгаа татварын маргаан” гэдгийг тэрбээр тодотгож байсан юм.

Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг бид яаж тайлбарлах вэ гэдэг нь асуудал байдаг аж. 2009 онд хүчин төгөлдөр байсан ААНОАТ-ыг тогтворжуулсан нь маргаан дагуулдаг. Бид тэдэнд хөрөнгө оруулалтын зардалд суурилсан татварын хөнгөлөлтүүд үзүүлчихсэн. “Оюу Толгой” компани Монгол Улсад ААНОАТ төлөхгүй байгаа нь, энэ төслийг ашиггүй болгоод байгаа суурь нөхцөл нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр  татварын орчныг тогтворжуулсан заалтууд гэдгийг тэрбээр хэлж байв.

Хөрөнгө оруулалтын гэрээг нарийвчлан унших юм бол “Рио Тинто”-д, Оюутолгойд ашигтай заалтууд байдаг. Цаашид энэ төслийг Монголд ашигтай болгоё гэх юм бол татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй. Татвараа бүрэн авдаг болохын тулд маргаан дагуулдаг, татварын акт ногдуулаад байгаа асуудлуудыг нэг тийш нь цэгцлэх ёстой. Тэгэхгүй бол “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд зээлийн хүү болон менежментийн төлбөрөөр ашгаа шилжүүлж авдаг, Монгол Улсад төлөх ёстой татвараа төлдөггүй байдал хэвээрээ байна. Зарим зардлаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явагдаагүй процесс гээд огт татвар төлдөггүй.  Люксембург,  Нидерландын хүчин төгөлдөр бус болчихсон Давхар татварын гэрээ бидний хувьд тогтворжчихсон гэдэг тайлбарыг тэд хэлдэг гэдгийг дурдаж байсан.

Мөн Засгийн газрын 34 хувийн эрх ашгийг төлөөлөн  “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Э.Баясгалан zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа: “Суурь гэрээнүүддээ өөрчлөлт оруулахгүйгээр, өнөөдөр үүсчихээд байгаа нөхцөл байдал бол “Оюу Толгой” ХХК 2038-2039 он хүртэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй байхаар байгаа.  Яагаад гэхээр компанийн элэгдэл хорогдлын зардал их өндөр, дээрээс нь зээлийн хүүгийн дарамт их байгаа. “Оюу Толгой” ХХК өнөөдөр 12 тэрбум ам.долларын зээлтэй байна. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед бид “Оюу Толгой” ХХК ашигтай ажиллаж, 2018 оноос ААНОАТ төлнө гэсэн хүлээлттэй байсан. Дээрээс нь 2023 оноос ногдол ашиг хүртэх байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хүлээлт биелэхгүй болсон. Тиймээс Засгийн газрын хувьд суурь гэрээгээр татварын таатай орчинг бий болгосон асуудлыг яах аргагүй эргэж харах ёстой гэж харж байна” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, Монгол Улсын татварын албаны чадавх сайжирч, үнэ шилжилтийн тайлангуудад нь  хяналт, шалгалт хийх шаардлага тавьж, шалгалт хийдэг болсон аж. Тодруулбал, “Рио Тинто” компани аль болох татвар бага төлөх газар руу ашгаа  шилжүүлж, манайд төлөх татвараа багасгасан хэвээрээ байх ёсгүй гэж татварын алба үзэж байна. Өмнө нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байх үед буюу 2008-2009 онд дэлхийн бусад улс орнуудын хувьд ч үнэ шилжилтийн асуудалд одоогийнх шиг анхаарал хандуулдаггүй, татварын нарийвчилсан зохицуулалт дутмаг байсан. Харин одоо бол үндэстэн дамнасан компаниуд татвараа шударгаар төлдөг байх ёстой гэсэн санал санаачилгууд дэлхийн хэмжээнд идэвхжиж буй. Тэгэхээр засаглалын сайн жишиг ярьдаг “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд ч өөрсдийн үйл ажиллагаандаа бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, хариуцлагатай хандах шаардлагатай гэсэн байр суурийг манай тал баримтлаж байна. “Рио Тинто” компани үйл ажиллагаа эрхэлж байгаа бусад улс орнуудад үнэ шилжилтийн хяналт, шалгалт хийлгүүлдэг хэрнээ Монгол Улсын хувьд уг хяналт шалгалт хийлгүүлэхээс татгалзаад байдаг нь зохисгүй юм.

Тэгэхээр Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолд тусгагдсан “Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” гэсэн агуулгын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг, татварын зохицуулалтуудыг  эргэн харах, засаж залруулах том ажлыг Засгийн газар, УИХ хүч нийлэн хийж чадах уу гэдэг нь хүлээлт үүсгэсэн том асуудал болж таарч байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Гаднын хөрөнгө оруулагчидтай уулзахад Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлцэлд хүрсэн байдал бусад олон хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах идэвхийг сэргээсэн гэдгийг илэрхийлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай урьдчилгаа авах, баяжмалтай хамт гарч байгаа алтыг хилийн цааны ялгаж байгаа ч түүнийг Монголын төв банканд тушаах талаар ярилцсан” гэсэн мэдээллийг өгч буй. Түрүүн дурдсанчлан эдийн засагт олон сорилтууд тулгарсан үед энэ бол таатай мэдээ. Гэхдээ энэ том төслөөс манайд ирэх боломжит үр өгөөжөө бид татварын буруу зохицуулалтуудаас үүдэн алдаж буй бол засаж, залруулах нь төр засгийн хувьд үүрэг нь гэдгийг хаа хаанаа санаж явахад илүүдэхгүй биз ээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.118) 2022 оны 06 сарын 06

Үхэр монгол лазан удаан тэнэг тул дахиад хэдэн жил шулуулна.

0  |  0
Коффи Аннан(192.82.90.241) 2022 оны 06 сарын 06

Эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй л байна. Моннисын Чулуунбаатар мэтийн гацаагчид тендер сунгуулах чадамжгүй компани зүтгүүлэх зэргээр саад хийсээр өдий хүрлээ.

0  |  0
Зангараг(202.179.25.45) 2022 оны 06 сарын 06

Шууд 34% д ноогдох ашгаа авч эхлэх ёстой. 2009 оноос экспорлогдсон зэс болон дагалдах өнгөт металлудын борлуулалтаас Монголын тал хүртэх байсан ашгиыг нөхөн төлүүлэх хэрэгтэй.. Өр хуримтлагдсан шиг ашиг хуримтлагдсан байх ёстой. Тэр хаачив ?

1  |  0
Top