Сингапурын сургуулиуд сурагчдын зүй бус үйлдэл, тэр дундаа үе тэнгийнхний дээрэлхэлтэй тэмцэх зорилгоор 2027 оноос сахилгын шинэ арга хэмжээ, шаардлагатай тохиолдолд саваагаар жанчих шийтгэлийг нэвтрүүлэхээр болсон тухай Guardian хэвлэлд онцолжээ.
Ноцтой зөрчилд буллинг, луйвар, бооцоотой тоглоом, электрон тамхины хэрэглээг оруулсан бол онц ноцтой зөрчилд галдан шатаах, хар тамхи хэрэглэх, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг багтаажээ.
Анх удаа зөрчил гаргасан эрэгтэй сурагчдыг нэг удаа, давтан зөрчил гаргавал гурав хүртэл удаа саваагаар жанчих арга хэмжээ авахаар болжээ. Ингэхдээ бусд сахилгын арга хэмжээ үр дүнд хүрээгүй тохиолдолд жанчих шийтгэлийг оногдуулна гэж Сингапурын боловсролын сайд Десмонд Ли тодруулсан байна.
Сингапурын боловсролын яам нийгмийн сүлжээнд үе тэнгийн дээрэлхлийн хэд хэдэн тохиолдол ил болсноор ийн сахилгын шийтгэлийг чангатгах алхам хийж байна. Тухайлбал, бага сургуулийн гурван сурагч ангийнхаа хүүхдийн эх нь үхнэ гэж сүрдүүлсэн хэрэг гарч байжээ. Тэдгээр хүүхдийг сургуулиас нь хөөсөн байна.
НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон улсын байгууллагууд хүүхдүүдэд бие махбодын шийтгэл ногдуулахыг эсэргүүцэж, тэдний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг анхааруулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд жилд 0-18 насны 1.2 тэрбум хүүхэд гэртээ бие махбодын шийтгэл амсдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )