Монгол Улс Берлин хот руу шууд нислэг нээх сонирхолтой байна

Я.Болор | Zindaa.mn
51 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Лайпциг хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын тээврийн форумд оролцох үеэрээ тээвэр, ложистик, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр өндөр түвшний уулзалтуудыг хийж байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.05.06) ХБНГУ-ын Цахим, хөгжил, тээврийн яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Кристиан Хиртетэй уулзаж, төмөр зам, авто зам, инженер-техникийн боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд Олон улсын тээврийн форумд оролцож буйгаа тэмдэглээд, Герман Улс нь Монгол Улсын хувьд Европ руу чиглэсэн тээврийн сүлжээг өргөтгөх чухал түнш, стратегийн гарц болж ирснийг онцлон тэмдэглэж талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсаас Франкфурт чиглэлд тогтмол нислэг амжилттай үйлдэж буйг дурдаад, цаашид Берлин хот руу шууд нислэг нээх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Түүнчлэн 2024 онд Монгол, Герман хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тээврийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан нь ачаа болон зорчигч тээврийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлснийг тэмдэглэж, цаашид энэ чиглэлд бодит ахиц гаргахад анхаарч ажиллаж буйгаа онцоллоо. Олон улсын автотээврийг хөгжүүлэх хүрээнд жолооч тээвэрчдийг харилцан хүлээн зөвшөөрөх, Монгол Улсын жолооны үнэмлэхийг Герман улсад зөвшөөрөх асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Мөн Монгол Улсад өндөр зэрэглэлийн хурдны зам барихад Герман улсын туршлагатай компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ялангуяа “Deutsche Bahn” компанитай төмөр замын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хөндөн ярив.

Уулзалтын үеэр мөн Ази-Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлэхэд дунд болон төв коридорыг илүү үр ашигтай ашиглах, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд харилцан санал солилцлоо. Монгол Улс нь газарзүйн байршлын хувьд Ази, Европыг холбох стратегийн давуу талтай тул дамжин өнгөрөх тээврийг өргөжүүлэх, төмөр зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгааг сайд хэллээ. Мөн тээврийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлд Герман улстай олон жил үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлон талархал илэрхийллээ.

ХБНГУ-ын Цахим, хөгжил, тээврийн яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Кристиан Хирте хэлэхдээ, хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгааг тэмдэглээд, цаашид тээврийн салбарын бүхий л чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрбээр Герман улсын иргэд, жуулчид Монгол Улсыг зорих урсгал нэмэгдэж байгааг дурдаад нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжийг судлаж үзэхээ илэрхийлэв. Автотээврийн салбарт жолооч, тээвэрчдийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар судалгаа хийж, боломжит шийдлийг эрэлхийлэхээ илэрхийлсэн бөгөөд төмөр замын салбарт “Deutsche Bahn” компанитай хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг хэллээ. Мөн Ази-Европыг холбосон транзит тээврийн урсгалд Монгол Улсын гүйцэтгэх транзит үүргийг онцлон тэмдэглэж, цаашид геополитикийн нөхцөл байдлыг харгалзан хамтын ажиллагааг шат ахиулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top