Өнөөдөр 2026.05.07. Энэ оны 127 дахь өдөр бөгөөд он дуусахад 238 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 23 минутад мандаж, 20 цаг 14 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэйг. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 1 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн нууц үгийн өдөр, Дэлхийн хүүхдийн хөнгөн атлетикийн өдөр тохиож байна. Францад Тоть шувууг хамгаалах өдөр, Беларуст Радио телевиз, харилцаа холбооны ажилтнуудын баяр, Казахстанд Эх орноо хамгаалагчдын өдөр, АНУ-д Аялал жуулчлалын өдөр, Канадад Хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр хөгжмийн зохиолч Петр Чайковский, “Полароид” гэрэл зургийн камерыг зохион бүтээсэн Эдвин Лэнд, Аргентины жүжигчин, Тэргүүн хатагтай агсан Эвита Перон, Америкийн зохиолч Жин Вулф зэрэг алдартан мэндэлжээ.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1253 оны энэ өдөр Францын элч нар Виллем Рубрук гэлэнтэй хамт Константинополиас Монгол руу хөдөлсөн байна.
1887 оны энэ өдөр Америкийн иргэн Томас Стивенс дугуйгаар дэлхийг тойрох аяллаа өндөрлөв. Тэрээр энэ аялалд гурав гаруй жилийг зарцуулахдаа 13500 миль буюу 21700 гаруй км замыг туулжээ.
1927 онд Латин Америкийн хамгийн том иргэний агаарын тээврийн компани болох Бразилын “VARIG” компани үүсгэн байгуулагдав.
1945 онд Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ.
1946 онд Электрон барааны алдарт "Сони" компани Токио хотноо байгуулагджээ.
1952 оны энэ өдөр Английн электроникийн инженер Жеффри Даммер компьютерийн чипний тухай онолоо олон нийтэд танилцуулав. Түүний онол орчин цагийн компьютер зохион бүтээгдэх эхлэлийг тавьсан юм.
1997 онд “Intel” компани “Pentium II” бичил процессорыг албан ёсоор танилцуулж байжээ.
2000 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины анхны тангараг өргөх ёслол болж байв.
2002 онд Умард Хятадын агаарын тээврийн "МД-82" хөлөг Шар тэнгист осолдож, хөлгийн багийн 112 хүн бүгд амиа алдав.
2003 оны энэ өдөр Дэлхийн оршин суугчдад одон орны ховорхон үзэгдлийг харах боломж тохиов. Буд гараг Нар, Дэлхий хоёрын хоорондуур ороод өнгөрчээ.
2007 оны энэ өдөр Израйлийн археологчид Йерсусалем хотын өмнөд хэсгээр Аугаа Герод хааны бунханг илрүүлжээ.
2024 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тав дахь удаагаа тангараг өргөжээ
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )