УБТЗ: Вагоны хоёр дугуй замаас гарсан, хүнд хохирол үүсээгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний ажлын үед хоосон вагоны хоёр дугуй замаас гарсан талаар өнөөдөр /2022.03.28/ мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хуралд Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга М.Энхболд, Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нар мэдээлэл өглөө. 

Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга М.Энхболд:

-Өчигдөр /2022.03.27/ 19:40 цагт Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөн дээр сэлгээний ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоноос хоёр дугуй замаас гарсан. Үүнтэй холбоотойгоор ташаа мэдээлэл цацагдаж байгаа тул тайлбар өгөх зорилгоор өнөөдрийн мэдээллийг өгч байна. Тавантолгой өртөөнөөс Депогийн зам дагуу аж ахуй зориулалтаар  ажиллаж байсан вагоны хоёр дугуй замаас гарсан. Яг одоо Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ Монголын төмөр зам компанийн хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Ер нь бол вагоны дугуй замаас гарахыг осол гэдэггүй, гологдол гэдэг юм.

УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн:

-Цогтцэций өртөөн дээр аж ахуй ажил хийж байсан нэг вагоны хоёр дугуй замаас гарсан. Энэ нь осол биш. Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан журам болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмээр гологдол гарсан гэж нэрлэдэг. Улаанбаатар төмөр замаас шуурхай арга хэмжээ авч, өнөөдрийн 14:00 цаг гэхэд хэвийн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хохирлын хэмжээг өнөөдөр тогтоох боломжгүй. Одоогоор хүнд хохирол үүсээгүй. Төмөр зам дээр гарч байгаа зөрчлүүдийг дутагдал, гологдол гэж ангилдаг. Сая гарсан зөрчил бол гологдол гэх ангилалд багтана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top