ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Өнөөдөр 2022.03.15. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 07 цаг 06 минутад мандлаа, 18 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -15 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр. Беларуст өнөөдөр Үндсэн хуулийн өдөр бол Унгарт Хувьсгал эхэлсэн өдөр.

Энэ өдөр Америкийн поп дуучин Теренс Трент Д’Арби, дуучин, жүжигчин Брет Майклс, жүжигчин Ева Лонгория, Италийн поп дуучин Сабрина, Францын хөлбөмбөгч Поль Погба зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1990 оны гуравдугаар сарын 15-22-нд Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Хятадын талын дарга, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Цэн Шэнлин Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНМАУ-д айлчлал хийв. Хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанаар хоёр талын хурлын товч тэмдэглэлд гарын үсэг зурж, Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрчээ.

2013 оны энэ өдөр Монголын залуу зохиолчдын холбоо дэргэдээ утга зохиолын дугуйлан байгуулжээ.

2017 оны энэ өдөр Монгол Улсын хэлний бодлогын зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн ажлаа тайлагнажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1984 оны энэ өдөр Рыбинск хотын нэрийг Андропов болгон сольжээ.

1985 оны энэ өдөр Анхны домен “.com” бүртгэгджээ.

1990 оны энэ өдөр Михаил Сергеевич Горбачёв ЗСБНХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөв.

1994 оны энэ өдөр Беларуст Үндсэн хууль батлагджээ.

Энэ өдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top