ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Өнөөдөр 2022.03.03. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 07 цаг 30 минутад мандлаа, 18 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -3 хэм, шөнөдөө -13 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Сонсголын өдөр. Мөн Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах өдөр. Японд өнөөдөр Охидын өдөр бол Болгарт Чөлөөлсөн өдөр, Ливанд Багш нарын, Гүржид Ээжүүдийн, Киргизэд Төрийн далбааны өдөр.

Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч, дасгалжуулагч Зико, Их Британийн жүжигчин Миранда Ричардсон, Мексик, Америкийн модель, жүжигчин Лаура Хэрринг, Америкийн жүжигчин Жули Боуэн, Ирландын дуучин Ронан Китинг, Америкийн жүжигчин Жессика Бил, Оросын хоккейчин Александр Сёмин зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Дээд Шивээнд Монгол Ардын намын I хурал хуралджээ. Хуралд 26 хүн оролцож, “МАН-аас гадаад Монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг” гэсэн нэртэй хөтөлбөрийг батлан гаргав.

1967 оны энэ өдөр Монгол, Грек улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Канадын Ванкуверээс АНУ-ын Сиэтл рүү дэлхийд анх удаагаа олон улсын агаарын шуудан илгээжээ.

1921 оны энэ өдөр Канадын эрдэмтэн Фредерик Грант Бантинг хамтрагч нартайгаа нийлэн инсулин дааврыг нээжээ. Тэрбээр энэхүү ажлаараа 1923 онд Нобелийн шагнал хүртсэн юм.

1923 оны энэ өдөр дэлхийн анхны долоо хоног тутмын мэдээллийн “Time” сонин гарч эхэлжээ.

1994 оны энэ өдөр Украин болон АНУ нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Энэ өдөр үс засуулвал нас ахар болно.

Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top