ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Өнөөдөр 2022.02.25. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 07 цаг 41 минутад мандлаа, 18 цаг 29 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -16 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Кувейтэд Үндэсний баярын өдөр.

Энэ өдөр Испанийн нэрт дуучин Хулио Иглесиас, Өмнөд Солонгосын нэрт хөлбөмбөгч Пак Жи Сун, Канадын дуучин Дэниел Паутер, Италийн хөлбөмбөгч Жижи Доннарумма, Испанийн Ерөнхий сайд асан Хосе Мария Аснар зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2010 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлд Монгол Улсын Баатар цол олгож, Сүхбаатарын одон, “Алтан таван хошуу” медалиар шагнах зарлиг гаргав.

Мөн ”Монголчууд: Нүүдэл суудал” бүтээл туурвисан Бат-Эрдэнийн Батбаяр, “Ятгын концерт”, “Төгөлдөр хуурын сонат”, “Морин хуурын концерт” тавьсан Бирваагийн Мөнхболд нарт шинжлэх ухаан, урлагийн салбарын 2009 оны Төрийн шагнал хүртээв.

Мөн Сьерра Леоне улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны наймдугаар ээлжинд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулжээ.

2014 оны энэ өдөр Монгол Улсад суугаа гадаадын өргөмжит консулуудын уулзалт Гадаад харилцааны яаманд болжээ.

2015 оны энэ өдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онд БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуугийн гэр музейг ОХУ дахь Монголын Элчин сайдын яамны төв байранд нээв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1870 оны энэ өдөр АНУ-ын Конгресст анх удаагаа хар арьст гишүүн сонгогджээ.

1956 оны энэ өдөр ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев өмнөх удирдагч Йосиф Сталиныг орос үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгджээ.

1992 оны энэ өдөр Азербайжаны Уулын Карабах мужид Арменийн цэргүүд халдлага үйлдэж, 613 энгийн иргэн амь насаа алджээ.

Энэ өдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top