Өнөөдөр 2022.02.18. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 07 цаг 54 минутад мандлаа, 18 цаг 18 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -26 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Гамбид Тусгаар тогтнолын өдөр бол Иракийн Курдистанд Оюутны холбооны өдөр, Балбад Үндэсний ардчиллын өдөр, ОХУ-д Тээврийн цагдаагийн өдөр юм.
Энэ өдөр Япон, Америкийн зураач, дуучин, Жон Леннон агсны эхнэр Йоко Оно, Америкийн жүжигчин Сибилл Шеперд, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналт Жон Траволта, Мэтт Диллон, Италийн хөлбөмбөгч Роберто Бажо, Английн хөлбөмбөгч Гэри Невилл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1990 оны энэ өдөр МоАХ-ны анхдугаар Их хурал МҮЭСТО-нд болжээ. Хурлаар МоАХ-ны улс төрийн илтгэлийг хэлэлцэв. МоАХ-ны Их хурлаас “Эрх баригч намын төв хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадаагүйгээ харуулсан Сайд нарын зөвлөлийг огцруулж, АИХ-ыг тараах” тухай шаардлага гаргажээ.
2004 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргасан юм.
2011 оны энэ өдөр ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал Лондон хотод болжээ. Б.Хурцыг олон улсын эрхзүйн хэм хэмжээ зөрчин, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгаж байв.
2014 оны энэ өдөр Монголд олон намын систем тогтсон 1990 онд татан буугдсан Монголын хувьсгалт залуучуудын эвлэл дахин байгуулагджээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1965 оны энэ өдөр Гамби улс Их Британиас тусгаар тогтножээ.
1979 оны энэ өдөр Сахарын цөлд цас оржээ.
2003 оны энэ өдөр БНСУ-ын Тэгү хотын метронд гал гарч, 198 хүн амиа алдаж байв.
Энэ өдөр үс засуулвал өнгө зүс доройтно.
Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )