Энхийг сахиулагч эмэгтэйчүүд чуулна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10
Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гуравдугаар сарын 4-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ-ын суурин зохицуулагч болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчид оролцоно.
 
“Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д зориулсан энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн үүрэг гүйцэтгэлтийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Нийслэлийн Соёлын төв өргөөнд, эмэгтэй цэргийн алба хаагчдаас бүрдсэн ёслолын жагсаал, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, хөгжимтэй жагсаалын үзүүлэх тоглолтуудаас бүрдсэн арга хэмжээг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэлээ хангаж байна.
 
Эх сурвалж: ЗХЖШ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top