Өнөөдөр 2021.12.10. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 08 цаг 31 минутад мандлаа, 16 цаг 59 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -14 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр. Шведэд Альфред Нобелийн өдөр, Тайландад Үндсэн хуулийн өдөр, Иракт Ялалтын өдөр.
Энэ өдөр Хятадын волейболч, дасгалжуулагч Лан Пин, Украины эстрадын дуучин Таисия Повалий, Их Британийн дуучин, гитарчин Брайан Молко, Германы биатлонч, олимпын хоёр удаагийн аварга Андреа Хенкель, Аргентины хөлбөмбөгч Гонсало Херардо Игуаин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1828 оны энэ өдөр I Николайн зарлигаар Санкт-Петербургт Технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулжээ.
1848 оны энэ өдөр Луи Наполеон Бонапарт Бүгд найрамдах Франц улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдов.
1901 оны энэ өдөр Нобелийн шагналыг анх удаагаа гардуулжээ.
1941 оны энэ өдөр Өмнөд Хятадын тэнгист Японы эргийн нисэх хүчин Их Британийн “Уэльсийн хунтайж” болон “Рипалс” байлдааны хөлөг онгоцыг живүүлжээ.
1948 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлав.
1997 оны энэ өдөр Акмола хотыг Казахстаны нийслэл хэмээн албан ёсоор зарлажээ.
2016 оны энэ өдөр Туркийн Истанбулд террорист ажиллагаа болов.
Энэ өдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )