Банк бус санхүүгийн салбарын эрсдэлтэй гүйлгээг ХААНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаан болж, 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

“Монгол даатгал” ХХК-ийг “Хорго хайрхан” ХК-д нэгтгэн, оноосон нэр өөрчлөхийг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсныг бүртгэжээ. Уг шийдвэрийг гаргаснаар хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийн уялдаа сайжирч, өрсөлдөх боломж нэмэгдэж, Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, үнэ цэнэтэй, засаглал сайтай даатгалын компани нэгээр нэмэгдлээ гэж СЗХ-ноос мэдээлж байна.   

Мөн Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлд Хороо онцгой анхааран ажиллаж байгаа гэв. Түүнчлэн хуралдаанаар “Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-ыг баталсан нь хяналтгүй мөнгө орж ирэх, эрсдэлтэй гүйлгээг хаасан хяналт шалгалтын тогтолцоонд шуурхай шилжих нэг алхам болсон гэв.

Түүнчлэн “Өмгөөллийн Дилижет Партнерс“ ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж, “Ти Ди Би Лизинг” ХХК болон “Богд банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нэр бүхий 36 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Хаан даатгал” ХХК-ийн салбарыг бүртгэж зарим даатгалын компанийн даатгалын бүтээгдэхүүн, бүтцийн өөрчлөлт, эрх бүхий албан тушаалтныг бүртгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top