
Засгийн газраас хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн хоёр дахь үе шатыг зарласан бөгөөд нийт 15 аж ахуйн нэгжид, 199 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зэл олгохоор болжээ. Ингэхдээ арилжааны гурван банктай гэрээ байгуулсан юм байна.
“Цагаан алт”, “Атар-IV” аян, “Шинэ хоршоо” зэрэг төрийн дэмжлэгтэй хөтөлбөрүүдийг дараагийн үе шат буюу экспортын чиг баримжаатай хөгжүүлэхэд уг зээлийг олгох аж. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир гүн боловсруулах үйлдвэрлэл, ноос ноолуур, эрчимжсэн мал аж ахуй, дөрвөн улирлын хүлэмж, зоорь, цөм сүрэг зэрэг 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зээл олгох саналыг банкнуудад тавьжээ.
Дээрх зээлийн нөхцөл нь жилийн 9% хүүтэй, долоон жил хүртэл хугацаатай, үүний гурван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх аж. Хэрэв зээлийг зориулалтын бусаар ашиглавал арилжааны банкны хүүд шилжүүлэх хатуу зохицуулалттай байна. Энэхүү 199 тэрбум төгрөгийн зээлийг ахисан түвшний үйлдвэрүүдэд олгох аж.

Сэтгэгдэл ( 0 )