Баруун-Урт хотод анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэг нээгдлээ

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод өнөөдөр түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлт боллоо. Ийнхүү зүүн бүсийн хэмжээнд дулааны улиралд арьс, ширэн түүхий эдийг малчид, аж ахуйн нэгжүүдээс хүлээн авч, эдийн засгийн эргэлтэд оруулах анхан шатны бэлтгэлийн гурван төв ажиллаж эхэлж байна.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.

 

 

Баруун-Урт хотод болсон анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат оролцож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж буй энэхүү үйл ажиллагааны талаар танилцуулж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөж, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд малаа эрүүлжүүлэх, арьс, ширийг стандартын дагуу чанартай бэлтгэх нь чухал байгааг онцоллоо.

 

 

Зүүн бүсийн хэмжээнд 2025 онд 150 мянга орчим үхрийн арьс бэлтгэн нийлүүлжээ. Үүнээс Хэнтий аймгаас 47 мянга, Дорнод аймгаас 57 мянга, Сүхбаатар аймгаас 51 мянган бодын арьс, шир тус тус бэлтгэсэн аж. Харин 6-8 дугаар сар буюу дулааны улиралд арьс, шир бэлтгэн нийлүүлэх хүндрэлтэй байдаг учир жилд хэдэн арван сая арьс, нэхий үнэгүйдэн, хаягдал болсоор иржээ.

 

 

Зүүн бүсийн аймгуудад түүхий эд бэлтгэлийн төв байгуулснаар нийлүүлэлтийн сүлжээ бий болж, малчид, малчдын хоршоо, мал бэлтгэлийн цэг, махны үйлдвэрүүд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд арьс, шир бэлтгэхэд хамтран ажиллана. Энэ хүрээнд арилжаа зохион байгуулж, малчдын гар дээрээс болон мал нядалгааны цэгүүдээс арьс, шир худалдан авна. Улмаар анхан шатны боловсруулалт хийсний дараа боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top