Булган аймгийн Хангал сумын малчин, сэтгүүлч Хишигийн Эрдэнэбулгантай ярилцлаа.
- Гэр хотлоороо бие лагшин тунгалаг, сүрэг мэнд, тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сайн явж ирэв үү. Улаанбаатарт та ямар ажлаар ирсэн бэ?
-Тарган тавтай сайхан хаваржиж байна аа. Сайн явж ирлээ. Би хувь, хувьсгалын ажил хослуулаад л ирлээ. Хадаг тавих ёслолд оролцох ёстой байсан, оролцлоо. Засгийн газраас малчид, хөдөө аж ахуйд чиглэсэн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт би орсон. Түүний бичиг цаасны ажил бас байна.
-Ямар хөтөлбөр боловсруулж байгаа вэ?
-Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Нарлаг Монголын малчин” гэдэг хөтөлбөр. Тэр хөтөлбөрт малчин хүнийхээ хувиар мал аж ахуйн бодлого цаашид яах юм, малчдын ахуй амьдралтай холбоотой бодлого цаашид хэрхэн явах юм гэдэг дээр дөрвөн чиглүүлэлтийн бодлоготойгоо уялдуулаад суурь баримт бичиг боловсруулж байна. Тэр ажлын хэсэгт оролцоод явж байгаа юм.
-Одоо та аль аймаг, суманд ямар төрлийн мал маллаж байна?
-Би Булган аймгийн Хангал суманд амьдарч байна. Манай сум хангайн өндөр уул, ой хээрийн бүсэд хамаардаг. Нийт нутаг дэвсгэрийн 55 орчим хувь нь ой, тайга. Сэлэнгэ мөрний хөвөө, Бүрэнхааны нуруу дагуу нутаг. Том голын ай сав учраас бүдүүн өвс ургамалтай, ой, тайга ихтэй тул бод малын бэлчээртэй. Тэр дундаа үхэр сүрэг бэлчээрлэхэд тохиромжтой бүс нутаг. Манайх нутгийн Сэлэнгэ үүлдрийн үхэр, Дорнодын Хөлөнбуйр сумын барга хонь гэсэн хоёр төрлийн мал малладаг.
-Таныг МҮОНТВ-ийн сэтгүүлч байсан гэдгээр маш олон хүн танина. Одоо малчин болсон гэдгээр нь бас олон нийт мэдэх болсон. Зарим нь яагаад сэтгүүлч хүн малчин болов гэж гайхдаг. Сэтгүүлчээс малчин болсон талаараа ярих уу?
-Хүмүүс намайг сэтгүүлчээс малчин боллоо, яагаад гэж их асуудаг л даа. Энэ нь бодвол зэрэглэл буурчихсан юм шиг тэдэнд санагддаг байх. Эсрэгээрээ малчин байснаа сэтгүүлч боллоо гэвэл яагаад гэж асуухгүй байх л даа. Зүй нь, амьдрал дээр бол чанарын хувьд малчин болсон нь магадгүй, оюун санааны хувьд, амьдрахуйн хувьд зэрэглэл ахиж байгаа хэрэг гэж би ярьж тайлбарлах дуртай. Хэзээ нэг цагт хүмүүс ойлгох байх. Малчны амьдрал яагаад суурин хот газар амьдарч байгаа сэтгүүлчийн амьдралаас илүү чанартай, үнэ цэнтэй, илүү чухал вэ гэдгийг би энд нуршаад яах вэ. Хэзээ нэг цагт хүмүүс ойлгох байх аа.

-Харин ч “Малчин бол мянган мэргэжлийн эзэн” гэсэн үг бий. Сэтгүүлчид бол нэг, хоёр, гурвын зэрэг мэргэжилтэй байж магадгүй. Малчин мянган мэргэжил эзэмшдэг гэхээр илүү том л сонсогдож байгаа юм л даа. Тэр олон мэргэжил дотор юу юу багтдаг вэ?
-Мянган мэргэжил гэж хүмүүс хэлж ярьдаг л даа. Миний хувьд малчин бол өөрийнхөө амьдрал, оршихуйн байдалд нөлөө үзүүлдэг байгаль болоод хүний нийгмийн харилцаа, цаг агаар, адгуулж байгаа мал, амьтныхаа өвс тэжээл, тэр нутгийн гол горхи гээд маш олон хүчин зүйлийг тухайн цаг хугацаа, нөхцөл байдалд нь ажиглаж, дүгнэлт хийж, түүнд аж амьдралаа зохицуулж чаддаг стратегич хүмүүс гэж боддог. Магадгүй, мянган мэргэжил гэдгийн хамгийн уг суурь, зөв тодорхойлолт нь Монголын тал, хангай, говь нутагт нутаглаж байгаа малчин болгон долоо хоног, сар, жил, улирал, түүнийг дагаад ойрын хэдэн жилээр ахуй амьдралаа төлөвлөж чаддаг стратегичид юм л гэж боддог. Тийм ч учраас малчин гэдэг бол суурин иргэншлийн хүмүүсийг бодвол амьдралын чанарын хувьд хол давуу. Оюун сэтгэлгээний хувьд шат ахисан тийм л хүмүүс.
-Танайх малаа уламжлалт аргаар маллаж байна уу, суурин аргаар маллаж байна уу, энэ хоёрыг хослуулах боломж хэр бол?
-Уламжлалт маягаар, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байна. Хослуулах бололцоотой. Технологи, дэвшил, инновацийг нэвтрүүлэх бололцоо байна. Ер нь туйлширч болохгүй гэж боддог. Ерөөсөө л фермержих ёстой. Эсвэл хагас эрчимжсэн байх ёстой. Эсвэл бүгдээрээ уламжлалт нүүдлийн маягаараа явах ёстой гээд аль нэг талд нь зуун хувь байх ёстой гэж ойлгодоггүй. Төв суурин газраа бараадсан гэдэг юм уу, Улаанбаатар хотыг тойрсон 100-150 км-ийн радиус дотор гарцаагүй нэг сая гаруй хүн амын хүнсний хэрэгцээг хангах сүү, махны чиглэлийн болон туслах аж ахуй бүхий фермерийн аж ахуй хөгжих ёстой. Дархан, Эрдэнэт, томоохон аймгийн төвүүдийг тойрсон 50 км-ийн радиус дотор эрчимжсэн аж ахуй заавал байх ёстой. Түүнээс биш, 330 суманд нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа 200 гаруй мянган малчин бүгдээрээ фермер рүү шилжих ёстой, тэгж байж байгаль, цаг уурын нөхцөлийг давах ёстой гэж туйлшрах нь бололцоогүй зүйл. Манай нутагт бас хагас эрчимжсэн маягаар фермерийн аж ахуй эрхлэх боломж бий. Яагаад гэвэл манай сум Эрдэнэт хотоос 50 орчим км зайтай. Тийм болохоор эрчимжсэн аж ахуйгаас мах, сүү, бусад бүтээгдэхүүнийг том суурин руу нийлүүлэх бололцоотой. Миний сонгосон зам бол уламжлалт маягийн бэлчээрийн мал аж ахуй юм.
-Гадаадын зарим орны хувьд сүүлийн үед фермерийн аж ахуйгаасаа хагас эрчимжсэн аж ахуй, бүр бэлчээрийн аж ахуй руу шилжих хандлага байх шиг байна. Та бол энэ чиглэлийг барьж байх шиг?
-Ер нь олон улсад, гадна талд юу үнэ цэнтэй болсон бэ гэвэл зарим улс оронд бүтэн эрчимжсэн фермерийн аж ахуйгаасаа татгалзаж эхлээд байна. Германд манай нэг найз ажиллаж, амьдарч байна л даа. Тэнд арваад жил болж байна. Бид хоорондоо харилцаатай байдаг. Германд эрчимжсэн мал аж ахуй дотроо ганцааранг нь хашаанд шахсан үхрийн мах нэг өөр, арай томхон хашаанд тавууланг нь шахаж бордсон малын мах арай өөр, өдрийн тал хашаан дотор гаргаад стрессийг нь тайлж байгаад зах зээлд борлуулсан малын мах бас өөр ч гэдэг юм уу, дэлгүүрт ороход махны ангилал өөр өөр байдаг гэж байгаа юм.

Хөгжингүй орны хүн амын хэрэглээ хаашаа чиглэдэг болсон бэ гэвэл байгалийн органик хүнс хоол хэрэглэх тал руугаа явахгүй бол масст зориулсан хүнс үйлдвэрлэл буруу юм байна гэдгийг ойлгодог болж байна. Герман бол харьцангуй шинжлэх ухаан, технологи, инновац, хөрөнгө мөнгө, эдийн засгийн чадавх нь ч гэсэн дээгүүрт ордог улс. Тэднийх хүртэл ингэж байхад манайх өөрийнхөө уламжлалт аж ахуйг муу юм, хоцрогдсон юм гэж хэлж байгаа нь дэлхийн чиг хандлага хаашаа явж байгааг ойлгоогүйн илрэл юм болов уу л гэж бодож байна.
-Сүүлийн үед гадаад орнуудад стрессгүй малын мах, сүү хэрэглэнэ гэх болж малдаа сонгодог хөгжим сонсгодог болсон. Айлгаж цочоогоогүй малын мах, сүүг ихээхэн чанарлаг гэж үздэг болсон байна Манай Монголд бас ганц нэг тийм фермүүд байх шиг байна, тийм ээ?
-Байна лээ. Харумафүжигийн сүүний ферм малдаа сонгодог хөгжим сонсгодог гэж байна лээ. Шведэд амьдардаг монголчууд бас ярьж байна билээ. Долоо хоногт нэг өдөр бэлчээрийн үнээний сүү зардаг тусгай дэлгүүрт бидний дээр үеийн бидон бариад дугаарладаг байсан шиг тэндэхийн хүмүүс дараалал үүсгээд бэлчээрийн үхрийн сүү авахаар зогсож байдаг юм гэсэн. Хүмүүс амьдралд юу хэрэгтэй вэ, чанартай, органик хүнс хэрэглэх нь яагаад чухал вэ гэдгийг ойлгож, тийм сонголт хийдэг болсон байна.
-Бэлчээрийн малын мах, сүү илүү үнэтэй, бэлчээрийн гэдгийг тодотгосон тусгай шошготой гардаг болсон юм билээ...
-Яг үнэн.
-Шинэ зууны мал аж ахуй нь бэлчээрийн мал аж ахуй байх болно гэж судлаачид үздэг болсон байна. Өөрийгөө нөхөн төлжүүлэхээс гадна байгалиа ч нөхөн сэргээдэг аж ахуй гэж үздэг болж. Мал бэлчээрт гарч өвс ургамлаа идэнгээ эргээд аргал, хомоол, хоргол нь бэлчээртээ бордоо болдог гэх зэргээр эргэх холбоотой гэж үзэж байна л даа...

-Люфтханза авиа компанийн инженер байсан тэтгэвэртээ суусан нэг хүн манайд зун ирж амарсан юм. Түүний хэлж байснаар суурин соёл иргэншилтэй гэдэг барууны хүмүүс, тэр дундаа нэлээд юм уншиж судалдаг, ойлгодог түвшний сэхээтэн давхрагын хүмүүс барууны амьдралын хэв маяг гэдэг зүйл мухардчихсан, хана мөргөчихсөн гэж үздэг болсон юм байна. “Та нарын байгальтайгаа ойр, түүнтэй шүтэн барилдлагатай, байгалиасаа хамааралтай, байгалиа ойлгож амьдардаг хэв маяг зөв юм. Хэрэгцээгээ хангахын тулд хүн төрөлхтөн байгаль дэлхийг эрхшээж, түүний эзэн нь байх ёстой биш, хүн байгальтайгаа харилцан хамааралтай, шүтэн барилдлагатай амьдардаг энэ хэв маяг хамгийн зөв юм гэдгийг ойлгодог болсон. Та нар барууны хөгжил сайхан юм гэж сармагчин шиг битгий дуурайгаарай. Өөрсдийгөө хоцрогдсон, бүдүүлэг гэж битгий ойлгоорой. Та нарын амьдралын энэ хэв маяг бол соёлт хүн төрөлхтөн хэзээ нэг цагт хана мөргөчихөөд буцаж эргэж харах тийм хэв маяг шүү” гэж байсан. Үүнийг бид бодох л ёстой.
-Сүүлийн үед залуус хотоос хөдөө рүү шилжих үзэгдэл ажиглагдах боллоо. Залуусыг хөдөөд суурьшуулахад нэн түрүүнд ямар дэд бүтэц, тав тух бүрдүүлэх хэрэгтэй вэ?
-Юуны түрүүнд хүн яах гэж амьдардаг вэ гэдгээ танин мэдэж ухаарсан байх хэрэгтэй. Миний хувьд хүн аз жаргалтай байх гэж, энэ ертөнцөд олдсон хэдэн жилдээ үнэ цэнтэй байх гэж амьдрах ёстой гэж боддог. Аз жаргалтай байх хэмжүүр юу вэ гэвэл эд баялаг, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаалд шунаад байвал хэзээ ч ханахгүй зүйл. Бидний өвөг дээсийн сургаал ч тийм. Бид хамгийн сүүлийн үеийн загварын утас, машин аваад сэтгэл ханах юм шиг санаад байдаг. Гэтэл энэ бол бидний энэ насандаа хэзээ ч гүйцэж чадахгүй технологийн дэвшил шүү дээ. Ланд 300 лизингээр аваад уначихвал энэ насны зорилго биелэх юм шиг санадаг. Гэтэл Ланд 300, 400, цаашлаад бидний ач, зээгийн үед ямар технологийн дэвшил гарч ирэхийг мэдэхгүй. Ямар гайхалтай дэвшилтэт ухаалаг гар утастай болохыг мэдэхгүй. Юу чухал вэ гэвэл бид энэ амьдралдаа аз жаргалтай байх нөхцөлөө бүрдүүлж чадаж байна уу гэдэг л чухал. Аз жаргалтай байлгаж байгаа зүйлийнхээ утга учрыг өөрчлөхгүйгээр “Хөдөө гар” гээд байвал хэцүү. Та нар битгий хэрэглээ шүт. Битгий эд материал шүт. Хэтэрхий өнгө, мөнгөний хойноос бүү хөөцөлд. Сошиал платформ дээр ухаантай хүн болох гэж, эсвэл таалагдах гэж сайхан залуу насаа битгий үр. Алба тушаал, эрх мэдлийн төлөө битгий их хөөцөлд. Амьдралд юу үнэ цэнтэй вэ. Яавал гэр бүл, үр хүүхэд чинь аюулгүй, эрүүл нөхцөлд амьдрах ёстой юм. Тэд чинь яагаад эрүүл, цэвэр хүнс хэрэглэх ёстой юм. Танай гэр бүл яагаад стрессгүй, ямар нэг нийгмийн бухимдалгүй орчинд амар жимэр амьдрах ёстой юм гэдэг ойлголтыг юуны түрүүнд оюун санаанд нь хийх ёстой гэж боддог.

Тэгвэл энэ стресстэй, түгжрэлтэй, утаа униартай, хүнсний баталгаа хангагдаагүй, замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдүүд маань сургуулиасаа бүрэн бүтэн, аюул осолгүй ирж чадах болов уу гэж зовнидог эрсдэлтэй орчноос хүссэн хүсээгүй залуус зугтаах байх гэж боддог. Энд амьдралын чанар гэдэг юм байгаа. Амьдралын чанар хаана байна, аз жаргалыг юунаас олж авах юм гэдгийг оюун санааны хувьд хойч үе, залуустаа суулгаж чадах юм бол хүссэн хүссээгүй тэд аймаг, сум руугаа явна гэж боддог.
Мэдээж, эдийн засгийн хөшүүрэг байх ёстой. Хүн суманд 100 м.кв хаус бариад амьдрахад ипотекийн зээл нь ямар байна гэдэг ч юм уу. Мал маллана гэдэг цасан шуурга, бороо уснаас өгсүүлээд асар хүнд хөдөлмөр. Энэ бол эмчээс, багшаас, прокурор, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүнээс дутахгүй хүнд хөдөлмөр байхгүй юу. Эмч, багш тэтгэвэрт гарахад 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэлэг өгнө гэдэг бодлого байхад амьдралынхаа туршид халуунд халж, хүйтэнд хөрч яваад жам ёсоор өтлөхөд малчин хүнд тийм хэмжээний тэтгэлэг, бодлого яагаад байж болдоггүй юм бэ ч гэдэг юм уу. Тийм бодлого байдаг бол хөдөө нутгаа сахин сууж байгаа хүмүүст ингэж мал дээрээ байж байгаад тэтгэвэрт гарвал 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэлэг авах юм байна гэдэг юм уу, эсвэл бүр 25-тай залуу гэр бүлээрээ хөдөө гарвал нэг удаа буцалтгүй тусламж олгодог байж болно шүү дээ. Малчин гэдэг хүнд ажлыг хийлгэхийн тулд төрийн бодлого, эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэг зайлшгүй байх хэрэгтэй. Зүгээр л “Өө, мал маллах хүн байхгүй боллоо. Малчин хийх хүнгүй боллоо” гээд сууж таарахгүй. Багшлах хүнгүй болох нь гээд цалинг нь нэмдэг байхад малчин байхгүй боллоо гээд суулгүй орон нутагт очиж амьдрах эдийн засгийн хөшүүрэг, тав тухыг бий болгох ёстой л гэж боддог. Цогц арга хэмжээ авбал монгол хүн мал маллаж чадахгүй гэж байхгүй шүү дээ.
-Хөдөө рүү хотын хүмүүс очиж суурьшихад соёлын солилцоо бас хамт явж байна л даа. Та старлинкийг хамгийн түрүүнд нутагтаа нэвтрүүлсэн, номын сан байгуулсан, сошиалд маш олон дагагчтай болж хөдөөгийхний амьдралыг сурталчилж байна гэх мэт жишээ байна. Эдгээрийг түгээмэл бүрдүүлэх бололцоо хэр байна вэ?
-Манай нутагт бол гайгүй. Нутаг орны зүгээс дэмжлэг үзүүлдэг. Өвөлжөө, бууцан дээрээ тав тухтай байр бариад амьдарч байна. Нутагтаа старлинк хамгийн эхэнд нэвтрүүллээ. Зундаа амрагч аваад, хот айлынхаа хэмжээнд жуулчин хүлээж авч байна. Гэхдээ хүн амьдрал дээр зөвхөн өөрөө л болж байвал боллоо гэж бодож болохгүй. Эрдэнэбулган тэр уулынхаа аманд ганц өөрийгөө, гэр бүлээ болгоод суугаад байж таарахгүй. Үүнийг бусдад түгээх хэрэгтэй. Соёлын үрийг бусад хүмүүст тарих ёстой.

Сүүлийн хоёр жилд би найман аймгийн 30 гаруй сумаар явж, малчдын зөвлөгөөнд оролцож, лекц, сургалт явууллаа. Сургалт гэхээсээ илүү амьдралын туршлагаа л хуваалцаж яваа юм л даа. Малчин айл үйл ажиллагаагаа олон талтай болгох бололцоотой юм. Энэ хувиран өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнц дээр малыг ингэж маллавал илүү боломжтой юм. Ингэвэл бэлчээрээ хамгаалах юм байна, орлогоо богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой юм байна гэх мэтээр туршлагаа хуваалцаад явж байгаа юм. Ингэхийн тулд хүн заавал уншина, судална. Бусдын, ахмад сайн малчдын үгийг сонсож зөвлөлдөх шаардлага маш их гарна. Улс даяар байгаа 200 мянган малчны бодол, оюун санаанд эрс шинэчлэл хийж, шинэ мэдлэг суулгах нь чухал юм байна гэж бодсоны үүднээс ийм ажил хийгээд байгаа юм.
-НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал буюу COP-17 ирэх наймдугаар сард Улаанбаатарт болох гэж байна. Цөлжилт, хөрсний доройтол, ган гачигтай тэмцэх шийдлийг улс орнууд хамтдаа эрэлхийлэхээр Монголд цугларах гэж байна. Та энэ хурлыг юу гэж харж байна вэ, ач холбогдол нь юу бол, та түүнд оролцох уу?
-Би малчин хүнийхээ хувьд хуралд оролцоно гэсэн бодолтой байгаа. Оролцох хүсэлтээ өгсөн. COP-17 хурлын гол гурван чиглэл нь цөлжилт, ган гачиг, хөрсний доройтолтой холбоотой. Нэрнээс нь сонссон ч гэсэн энэ бол дан ганц Улаанбаатарын асуудал биш. Өргөн уудам газар нутагтай, бэлчээрийн өвс ургамал доройтсон, ган гачиг нүүрлэсэн тал нутгийн өндөрлөгт байгаа монголчууд, ялангуяа малчидтай хамгийн их холбоотой. Газрын доройтол хаана байна гэвэл өвс ургамал, бэлчээр, ус, малын тоо толгойтой холбоотой. Дөрвөн цагийн эргэлтэд малаа хэрхэн маллаж байгаа малчдын арга ажиллагаатай холбоотой. Ган гачиг хаана байна гэвэл мөн л малчидтай холбоотой. Булаг шанд, гол ус хаана хатаж ширгэж байна гэвэл орон нутгийн иргэдийн амьдралтай холбоотой. Цөлжилт ч гэсэн хөдөө орон нутагтай холбоотой болохоор энэ хуралд малчдын байр суурь хэрэгтэй, тэд хамгийн их оролцоотой байх ёстой гэж бодож байна.
Энэ хурал Монголд төвлөрч байгаа нь бүр чухал. Монгол бол эко системийнхээ хувьд дэлхийд хамгийн үнэ цэнтэй, хэдэн мянган жилийн өмнө ямар байсан, бараг тэр чигээрээ унаган төрх нь хадгалагдсан эко систем юм гэж эрдэмтэн, судлаачид хэлдэг. Энэ эко систем өнөөдөр эмзэг, аюултай төвшинд орчихоод байна гэдгийг дэлхийн 200 гаруй улс орны төлөөллийг урьж авч ирж үзүүлж харуулаад, үүн дээр бид ямар шийдэл, гарц гаргалгаа боловсруулах вэ. Ямар хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэдгийг тойрч сууж зөвлөж яриад, хөрөнгө оруулалт татаад, бодлогын гол шийдвэрүүдээ гаргана гэдэг бол Монгол Улсын хувьд түүхэн, аз завшаантай боломж гэж харж байна. Үүнийг зөвхөн Улаанбаатарт зохион байгуулж байгаа дарга нар ойлгоод, толгой дохиж, хүлээн зөвшөөрөөд өнгөрөх биш, үндэстэн даяараа, хамгийн алслагдсан сумын малчин хүртэл ойлгож, хурлаас гарсан шийдвэрийг мэдэж, үнэ цэнтэй зүйл юм гэдгийг хүлээн зөвшөөрч, үндэсний нэгдмэл оюун санаатай байх суурь болгож, үр дүнг нь харах ёстой.
-Эдгээрээс гадна бэлчээрийн ургамлын төрөл зүйл цөөрч байгаа тухай яригддаг боллоо. Шалтгаан нь юу бол. Яг газар дээрээ ямар байна вэ?
-Гарцаагүй үнэн л дээ. Үүнээс болж уламжлалт бэлчээрийн, нүүдлийн мал аж ахуй эрхлэх боломж хумигдаад ирдэг. Хуучин миний өвөө, эмээгийн үед дөрвөн цагийн нүүдэл гэж ярьдаг байв. Хаваржаа, намаржаа, зуслан, өвөөлжөө гээд жилдээ доод тал нь дөрөв нүүнэ. Тэр дундаа отор нүүдэл хийдэг, ган гачгийн үед бүр олон нүүдэг байсан. Одоо манай нутагт л гэхэд ямар хэв маяг байна гэвэл жилдээ хоёрхон нүүдэг. Хавар орой зусландаа бууна, намар орой өвөлжөөндөө бууна. Дөрвөн цагийн эргэлт хоёрхон удаагийн сэлгэлт болно гэдэг нь бэлчээрийг талхлах, өвс ургамлын эргэн сэргэх нөхцөлийг бууруулах, хөрсийг доройтуулах шалтгаан болж байна л гэсэн үг. Нүүдлийн болоод бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүст яаж эргээд өвс ургамлын гарцыг сайжруулах талаас нь, эргээд дөрвөн цагийн нүүдлийг хэрхэн хийдэг болох талаас нь төрийн бодлогын түвшинд авч үзэх учиртай.
Германы эрдэмтний Монголд хийсэн судалгаа бий. Хорь гаруй жилийн өмнө нэг метр квадратад 20 гаруй төрөл зүйлийн ургамал ургадаг байсан бол саяхан дахиж судалгаа хийхэд тавхан төрлийн ургамал, тэгэхдээ тэр дундаа шарилж, лууль голлодог болсон байна гэсэн байна лээ.
Энэ эрчээрээ байвал 2050 он гэхэд Монголд бэлчээрийн мал аж ахуй байх уу гэсэн асуулт гарч ирж байгааг гаднын судлаачид хэлж байна. Манай аав ч хэлдэг л дээ. Бага, залуу байхдаа нутагтаа ирээд хадлангийн талбай дундуур морьтойгоо явахад өвс дөрөө шүргэдэг байсан, зарим газартаа морьтой хүний толгой шоволзож харагддаг байсан гэж ярьдаг. Одоо хадлангийн талбайгаас тэгж ургац авах бололцоогүй болсон. Хадлан энэ жил ургах уу, үгүй юу, олигтой юм гарах нь уу л гэж нэг нэгээсээ асуухаас биш, тэгж их ургахаа больсон. Энэ талаар СОР дээр бас яригдах байх л даа. Карбон кредит гээд нүүрс хүчлийн хий ялгаруулж байгаа хөгжингүй улс орнуудын нөхөн төлбөрийг хөдөө орон нутгийн иргэдэд хэрхэн үр нөлөөтэй хүртээх нэг эх үүсвэр болгох вэ. Яаж бэлчээрээ хадгалж авч үлдэх вэ гэдэг зохицуулалтыг хүртэл олон улсын түвшинд ярилцах, санхүүжилт зэрэг маш чухал асуудлаа хөндөх байх. Бүс нутаг, дэлхийн хэмжээнд асуудлаа дорвитой ярих боломж шүү дээ. Монгол Улс бэлчээр, эко системээ хамгаална гэдэг бол 3,3 сая хүн, 200 мянга гаруй малчны зовлон төдий биш. Бид Төв Азийн өндөрлөг дээр байгаа энэ гайхамшигтай эко системийг яаж хамгаалж, хойч үедээ үлдээх вэ гэдэг талаар бүх хүн үүрэг хүлээдэг, хүн төрөлхтөний өмнө тийм үүрэг хүлээсэн ард түмэн гэдгээ ойлгох учиртай.
-Бэлчээрийн ургамлыг тарималжуулах бололцоо хэр байдаг вэ. Хөххотод Монголын бэлчээрийн ховордсон ургамлын үрийг сэргээн тарималжуулдаг эрдэм шинжилгээний төв ажиллаж байсан. Манайд ч Дарханд Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн ажилладаг байсан шүү дээ...
-Сэргээж болно. Би өнгөрсөн намар Дарханд зөвлөгөөнд очиж байсан. Тэнд “Био ундарга” гэж компани байна. Ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглээд сүүлийн 15-16 жил залуучууд тийм ажил хийж байна. Айлын хашсан хадлангийн талбайд туршилт хийсэн юм байна. Шингэн бордоогоор бэлчээрийн талбайг шүршээд, тэнд ургамлын гарц нэмэгдэж байгаа гэсэн сайн туршилт хийсэн байна лээ. Дээр нь устаж үгүй болох гээд байгаа ховор ургамал, төрөл зүйлийг тарималжуулах ажлыг хийх ёстой. Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд манай Цогоо гэдэг найз Оюутолгой, Ханбогдын хөрөнгө оруулалттайгаар тодорхой газрыг хамгаалж байгаад говийн гоёо, заг зэрэг чухал ургамлыг нөхөн сэргээх, тарималжуулах, хамгаалах зурвас талбай байгуулж ажиллаж байна. Энэ бол бололцоотой ажил. Оройтоогүй дээрээ ухаараад олон улсын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт татах ажил хийх нь зүйтэй.
-Та МАН-д саяхан элссэн. Та бол парламентын сэтгүүлч байсан, улс төрөөс хол хүн биш. Парламентын сайн сэтгүүлч хүн улстөрчөөс нэг их ялгаагүй болдог. Намд элссэн нь хөдөөгийн залуус, иргэдийн дуу хоолойг улстөрчдөд хүргэх гүүр байх зорилготой байх гэж бодож байна. Энэ талаар товч ярина уу?
-Зөв ойлгосон байна. Би яг тийм л зорилготой намд элссэн. Нэгд, би сэтгүүлчийн ажлаа одоо эрхлээгүй байна. Тийм учраас аль нэг улс төрийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч тэнд нэгдэх боломжтой. Нөгөө талаар 45 нас хүрээд ийм сонголт хийнэ гэдэг бол буруудахгүй байх гэж бодсон. Харьцангуй биологийн насны хувьд, оюун санааны төлөвшлийн хувьд ч гэсэн өдий насанд хүн улс төрийн ямар нэг сонголт хийх л ёстой. Хоёрдугаарт, би уулын аманд ганцаараа сошиалаар ийм байх ёстой, тийм байх ёстой гээд, түүнийг нь хэдэн хүн үзээд лайк дарна гэдэг бол бодлогын түвшинд үзэл бодлоо гаргаж тавихад хангалттай нөлөө үзүүлж чадахгүй. Аль нэг намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг дэмжиж, тэр нь ялбал Засгийн газрын төрийн бодлого болж хэрэгжих ёстой юм байна. Ямар нэг байдлаар би тэнд оролцоотой байж, санаж бодсон зүйлээ төрийн бодлого болгож, асуудлыг шийдүүлэх ёстой юм байна гэсэн зорилгоор энэ алхмыг хийсэн. Гуравдугаарт, би малчин хүн. Өнгөрсөн 2024 оны улс төрийн сонгуулийг харж байхад малчин гэдэг бол өөрөө маш том нийгмийн бүлэг юм. Төрийн албан хаагч, багш, эмч, инженерүүдээс том, олон хүний оролцоотой тийм нийгмийн бүлэг. Нөгөө талаас Монголд хөдөлмөр эрхэлж байгаа насанд хүрсэн нийт дөрвөн хүн тутмын нэг нь малчин. Ийм том нийгмийн бүлэг байж төр барих гэдэг юм уу, шийдвэр гаргах түвшинд дандаа гадна хаягдаад байдаг. Яагаад тэр вэ гэвэл, тэд боловсролгүй гэдэг юм уу, эсвэл хөдөө орон нутгаас малчдыг төлөөлөөд хангалттай олон хүн төрд сонгогддог л биз дээ гэсэн байдлаас болдог. Тэр бол үгүй. 2024 онд хийсэн улс төрийн нэг том алдаа юу вэ гэвэл, ядаж аль ч намын жагсаалтад малчин хүний, тариаланч хүний, хөдөө аж ахуйн хүний төлөөлөл байх ёстой гэдэг сонголт хийгээгүй. Энэ алдаа байсан шүү гэдгийг баталж харуулахын тулд би сая ийм сонголт хийсэн. Аль ч улс төрийн нам бодлого боловсруулахдаа малчдаас оруулах юм байна. Малчин залуус бид үзэл санааны хувьд ийм намыг сонгоод, түүндээ түшиглээд мал аж ахуйн бодлогыг дэвшүүлэх ёстой юм байна гэсэн санаа бодлыг уралдуулсан байгаасай гэж мөс зүснэ гэдэг юм уу, шан татаж, хаалга нээж байгаа л хэрэг. Намайг Монголын нийгэмд янз бүрээр хэлж болно. Гэхдээ энэ бол Монголын нийгэмд хэн нэгэн хэзээ нэг цагт түлхэж орох л хаалга. Хүмүүст тийм замыг гаргах, тийм урам зоригийг малчин залуусын дунд бий болгох тийм зүйл л гэж бодсон. Энэ бол харамсаад, нуугаад, эсвэл буруу юм хийчихлээ гэж эмзэглээд байх зүйл биш.

-Дээр үед малчдын төлөөлөл хууль тогтоох байгууллагад байсан шүү дээ. АИХ-ын депутат адуучин Р.Дашдооров, Улсын Бага Хурлын гишүүн хоньчин Лхагважав, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, хоньчин Намхайнямбуу гээд байсан. Сүүлийн үед малчин, тариаланч, ажилчдын дуу хоолой тэнд байхгүй болсон шүү дээ?
-Тэгж байхгүй болсны гор нь юугаар илэрч байна вэ гэвэл УИХ-аас мал аж ахуйн ямар нэг бодлого шийдвэр гаргах нь гаргадаг л даа. Тэгэхдээ амьдрал мэддэггүй, хөрсөн дээрээ яаж бууж байгааг ойлгодоггүй. Томилолтын хугацаанд сонгогдсон аймаг, сум, багаараа орж тав гурван хүнтэй үг сольдог л байх, гэвч тэр нь байгаа онож төрийн бодлого болох хэмжээнд дутуу байна л гэж би хардаг. Яг хөрсөн дээрээ буух бодлогыг зангиатай хүмүүс дангаараа суугаад ширээний ард батлах нь тэр бүр оновчгүй, зохимжгүй юм байна гэдгийг бид гучин хэдэн жил харлаа. Харин тэдний дунд амьдрал мэддэг хүмүүс ороцуулах нь гаргасан шийдвэр байгаа оноход чухал юм л гэж бодоод байгаа. Ингэх нь бүх улс төрийн хүчинд бололцоотой. Малчин залуус үзэл санааны хувьд сонголтоо хийгээд энэ тавцанд гарах бололцоотой л гэж үзэж сонголтоо хийсэн.
-Баярлалаа
Сэтгэгдэл ( 3 )
Их сайн сэтгүүлч байсан. Зорьсон хэрэг нь бүтэмжтэй байг\n
Энэ нөхөр ер нь бодит уу, үнэн үү, МАН-ын бодлогоор тодруулсан зохиомол баатар, суртал нэвтрүүлгийн хэрэгсэл л биш байгаасай. Эргэлзээтэй л нөхөр дөө
Эрдэнэбулганы бичсэн мэдээг хараад л нулимс гардаг байлаа. Нүдэнд харагдтайл бичнэ шүү. За Эрдэнэбулган манаь юу ч хийсэн хийсэн шиг хийдэг хүн дээ. Улам их амжилт гэр бүлд нь эрүүл энх аз жаргалыг х үсч байна. би бас мэдээ хийсээн