Ингэж дүгнэхээс өөр аргагүй долоо хоног өнгөрлөө. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд АН завсарлага авч ирэх долоо хоногтой золгов. Хоёр институцийн хооронд волейболын бөмбөг шиг шидэлцсэн ёс зүй гэдэг ойлголт чухам хаана нь байсан, хаана байгаагүйг хэн ч мэдсэнгүй. Бүтэн 13 жил хэрэгжихээ хүлээж байсан Туулын хурдны зам төсөл сайдын шийдвэрээр түр зогсов. Түр зогсоод ч байсан юм биш л дээ. Угаасаа хаанаас ч хөдлөөгүй юм чинь. Гэхдээ байна аа, Монголд сайдын шийдвэрээр эхэлсэн юм бүхэн сайдын шийдвэрээр зогсдог юм шүү дээ. За дараа нь хэвлэл мэдээллийн гол зарчим, шүүх засаглалын гол зарчим нуран унасан үйл явдал болов. “Нэгүүн” гэх хэвлэлийн сайтын эрхлэгчийг шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байтал “шүүрэх ажиллагаа”-ны хүрээнд “том гар”-ыг барьж байгаа аятай л баривчлаад одов. Монголд шүүхээс эцэслэн тогтоогоогүй л бол хэн ч хэрэгтэн биш. Тэр тусмаа ардчилсан оронд төр нь хэвлэл мэдээлэлтэй ингэж харьцдаг уу гэвэл бүр ч биш.
Зүс буруу түшээд
Одоогоос яг сарын өмнө дөө, сандал суудал цэгцрээгүй байхад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачил байгаагаа зарласан. Энэ бол нэг талаас улс төрийн тактик байсан байж болох ч системийн хэрүүлээ, намын зодоонтойгоо хамт шийдчих гэсэн манлайлал ч байхыг үгүйсгэхгүй. Чухам аль нь ч байлаа гэсэн хэлэлцэж эхэллээ. Залуу гишүүд үүнийг ах нар 30 жилийн мораль аа биднээс хайлаа гэж гомдоллосон. Намын шошготой түшээд нь Ерөнхийлөгч ардчилсан парламентад халдлаа гэж туньсан. Цүнхнээс болж бүдэрсэн дарга үүнийг парламентад ёс руу дайрсан үйлдэл гэж гөрдсөн. Учир мэдэх гишүүд гол нь зарчимдаа байна аа гэж сануулсан. Үлдсэн зарим нь байсан юмыг байранд нь тавьчих гэж гөжсөн. Үйл явдал ингэж өрнөөд, тэгж дуусахдаа Ардчилсан намын бүлгээс завсарлага авч улмаар ирэх долоо хоногийн 16-ны өдөр хэлэлцэнэ. Уг нь энэ хуулийн товч агуулга нь гишүүд чуулганы хуралдаандаа суу, суухгүй бол татна. Өргөсөн тангаргаа биелүүл үгүй бол татна. Шүүхээс гэм буруугүйгээ нотлуул үгүй бол татна л гэсэн агуулгатай. Гол нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа зүйл нь ёс зүй гэдгийг хэмжиж болох уу, хэмждэг бол яаж. Тэгээд чухам хэн хэлэлцэх вэ гэдэг л байсан юм. Түшээдийн ёс зүйг намын бүлэг нь хэлэлцээд улмаар Цэц дээр аваачиж суга татна. Өнгөрсөн түүхийг харвал энэ гоё романтизм, төрийн ордонд детектив зохиол болоод л дуусдаг юм. Гол нь хянах, хяналт тавих механизмыг тодорхой болговол ёс зүйгээ ярьдаг, ардчилсан парламентаа чухамхүү өмгөөлдөг гишүүд үгүй гэхгүй гэдэгт найдъя. Хуулийн үндсэн зарчмыг хэлэлцээд, механизмаа өөрчлөөд явбал нэр хүндээ алдсан парламентад ч, тэд ёс зүй хайсан ард иргэдэд ч хэрэгтэй юм уг нь.
Хоёр институцийн хооронд волейболын бөмбөг шиг шидэлцсэн ёс зүй гэдэг ойлголт чухам хаана нь байсан, хаана байгаагүйг хэн ч мэдсэнгүй.
Зүс буруу төсөл
Нийт 13 жил гацсан “Туулын хурдны зам” төсөл түр зогслоо. Зогсохдоо сайдын тушаалаар. Уг нь энэ төслийг 13 жилийн өмнө бас нэг сайд л санаачилсан юм уг нь. Уншигч та танихгүй байвал хүүхэд нь чуулганы танхимд багшдаа загнуулдаггүй юу. Одоо гол асуудалдаа оръё.
Анх 2013 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Туулын хурдны зам” төслийг боловсруулж байлаа. ТЭЗҮ болон зураг төслийг 2013-2020 онд бүтэн долоон жил боловсруулсан. За тэгээд “Алсын хараа хорь тавь” гэдэг хүслийн жагсаалтад багтаад 2020 онд УИХ-ын 52 дугаар тогтоолоор баталсан урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан юм. Ингэж явсаар 2024 онд Нийслэлийн Засаг даргын А/1326 дугаар захирамжаар хэрэгжүүлэхээр болсон. Тэгээд 2028 онд ашиглалтад оруулахаар зорьж байлаа. Гацсан төслийг эхлүүлэх гэсэн хүсэл ч байсан байх, Х.Нямбаатар өөрийнхөө автор болгож цаашдын улс төрийн карьертаа нэмэх гэсэн сонирхол ч байсан байх. Юу, юугүй шууд ажил эхэлсэн. Үүнийг нь манай хэд өлгөж аваад эсэргүүцсэн. Гол нь “Туулын хурдны зам” төслийн хүрээнд хийгдэх гүүрний тулгуур нь Туул голын татамд байгаа нь анхаарал татсан. Газар доорх ус болон урсац, үерийн эрсдэл, усны чанарт нөлөөлнө гэж ТуЯачууд бархиралдаж эхэлсэн. Гол нь байгаль орчны нөлөөллийн шинэ үнэлгээ гаргаагүй нь шүүмжлэлийн эх үүсвэр болсон юм. Дараа нь санхүүжилтийн асуудал байна. Гол хөрөнгө оруулагчид нь Хятадууд. Тэгэхээр яснаасаа зэвүү хүрч таараа. Анхны төсөв нь 1.9 их наяд төгрөг байсан бол шинэчилсэн төсөв нь 2.3 их наяд төгрөг болж өссөн. Тендер нь 2025 оны нэгдүгээр сард зарлагдаж, БНХАУ-ын “Хайвэй групп” ХХК шалгарсан. Анх тендер зарлахад Хятадын дөрвөн компани өрсөлдсөн. Тэгээд сошл дүүжлүүрээр ороод түр зогслоо. Гэнэтхэн л хаанаас ч юм "Туулаа аврагчид" гараад ирсэн. Туулыг 30 жил өрцнөөс нь цөлмөж байхад тэр тэмцэгчид хаана байв, мэдэхгүй. Бүр тэгээд 13 жилийн өмнө "Туулын хурдны зам" төсөл эхэлж байхад энэ тэмцэгчид хаана байв, бүр ч мэдэхгүй. Шийдвэр гаргаж түр зогсоосон сайд нь “Бүр ч зогсоож болно” гэж хөмсөг зангидаж байна лээ.
Гэнэтхэн гарч ирсэн "Туулаа Аврагчид" аврах гээд буй голыг нь 30 жилийн өмнө өрцнөөс нь цөлмөж байхад, 13 жилийн өмнө тэмцэж буй төсөл нь эхэлж байхад хаана байв?!
Зүс буруу явдал"
Ажлын өдрийн бөгсөн дээр төр төмөр нүүрээ хэвлэл мэдээллийн салбарт харууллаа. Гаргасан нүүр нь “Нэгүүн” сайтын сэтгүүлч, эрхлэгч Л.Баяржаргалыг 30 хоногийн хугацаатай хорих шийдвэр байлаа. Одоо бүр хачирхалтай процесс өрнөнө. Хэргийг болсон явдлаас хэдэн цагийн дараа “Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно” гэсэн толгойтойгоор чухам аль дүүргийнх нь мэдэгдэхгүй Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс нэр бүхий шүүгчийн “автор”-той тараасан юм. Сэтгүүл зүйд уг нь 5W1H гэх зарчим бий. Аливаа мэдээлэл хэн, юу, хэзээ, хаана, хэрхэн, яаж гэдэг асуултуудад хариулагдаж байх ёстой. Энэ гол зарчим шүүхийн тараасан мэдээлэлд алдагдаж.
Ер нь манайд даргын дургүйг хүргэсэн хэн ч хэрэг нь шүүхээр шийдэгдэхээс өмнө гэмт хэрэгтэн мэт болгож харагдуулдаг системтэй арга гаарах боллоо.
Энэ мэдээллийн дараа олон нийт “болж шантаажчид сөнөтүгэй” гэж бах таваа хангаж байгаа харагдана лээ. Гэхдээ байна аа, хуультай Монгол Улсад шүүхээс хэн нэгнийг гэм буруутайг тогтоогоогүй л бол гэмгүй. Тэгээд ч хэвлэл мэдээллийн ажилтан хийсэн ажлынхаа төлөө ингэж шийтгэгдэх учиргүй. Ер нь асуудал нь явж, явж төрийн албаны хурган дарга өрөөндөө архидаж, бас болоогүй “морь харсныг” л олон нийтэд мэдээлсэн юм шүү дээ. Тэгээд ч энэ бол “баахан буруутайг” барьж авсан явдал бус зарчим гэдгээ уландаа гишгэж хэн нэгнийг, тэр дундаа хэвлэл мэдээллийг барьж авч хэрхэвч болохгүй. Тэр тусмаа шүүхээс гэмгүйг нь эцэслэн тогтоогоогүй байхад. Хэвлэлийг хуулиар айлгах энэ тактик ер нь л ялзарсан төртэй улсад л гаардаг юм даа. Ер нь манайд даргын дургүйг хүргэсэн хэн ч сайд, дарга, жир иргэнийг шүүхээс гэм буруутай эсэхийг нь шийдэхээс өмнө нэр зүсийг нь нийтэд зарлаад, сошл шонд шидэж өлгөдөг явдал гаарах боллоо...
Сэтгэгдэл ( 0 )