НАСА 2032 он гэхэд саран дээр бааз байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

НАСА агентлаг саран дээр бааз байгуулах төлөвлөгөөнийхөө хүрээнд дэлхийн дагуул руу автомат буултын модуль, “дэвхэрдэг” дрон болон аппаратуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Эдгээрийг бүтээх компаниудын нэг нь Жефф Безосын “Blue Origin” компани.  

АНУ Ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаасаа буухаас нь өмнө сар руу америкчуудыг буулгахаар төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцэн тус улс Хятадтай энэ чиглэлд өрсөлдөж байгаа тул НАСА сансрын агентлаг ялалт байгуулахын тулд ихээхэн дарамт шахалтын дор байна гэж ВВС агентлаг бичжээ.

Хятад улс 2030 он гэхэд сансрын нисэгчдээ саран дээр буулгахаар төлөвлөж байгаа билээ.

Өнгөрсөн гуравдугаар сард НАСА агентлаг 2032 он гэхэд сарны өмнөд туйлд байнгын ажиллагаатай бааз байгуулах 20 тэрбум ам.долларын өртөгтэй хөтөлбөрөө зарлаж байсан. Тус станц нь нар болон цөмийн эрчим хүчээр ажиллана. Сарны бааз нь АНУ-д шинжлэх ухааны туршилтууд явуулах, боломжит эрдэс баялаг олборлох, Ангараг гараг руу хийх нислэгийг илүү хялбарчлах боломжийг бий болгох юм.

“Ignition Moon Base” хөтөлбөр нь гурван үе шаттай. Сар руу сансрын нисэгчдээ илгээхээс өмнө НАСА автомат буултын модуль, “дэвхэрдэг” дрон илгээж, сарны гадаргууг судлах, газрын зургийг бүтээхээр төлөвлөж байна. Мөн сансрын нисэгчид, тоног төхөөрөмж зэргийг сарны гадаргуу дээр тээвэрлэх чадвартай тээврийн хэрэгсэл ашиглана. Эдгээр машинуудыг бүтээх гэрээг “Blue Origin”, “Intuitive Machines”, Astrobotic” компаниудтай байгуулаад байгаа юм. Энэхүү судалгааны хөтөлбөр 2029 он хүртэл үргэлжлэх ба энэ хүрээнд сар руу нийт 25 нислэг үйлдэж, дөрвөн тонн ачаа хүргэхээр төлөвлөжээ.

 

 

Дараагийн шатанд саран дээр цөмийн болон нарны эрчим хүчний төхөөрөмжүүдийг барихаар төлөвлөж байна. 2032 он гэхэд хүмүүс саран дээр хагас байнгын ажиллагаатай байруудад амьдрах боломжийг бүрдүүлэхээр НАСА тооцоолж байна. Ингэхдээ сарны өмнөд туйлын мөсийг ундны ус эсвэл хүчилтөрөгч үйлдвэрлэхэд ашиглах боломжтой гэж үзэж байна.

НАСА-ийн эл төлөвлөгөө хүмүүсийг саран дээр аюулгүй хүргэх сансрын хөлгийн бэлэн байдлаас шалтгаална. Илон Маскийн “SpaceX” компани “Starship Human Landing System” хөлөг бүтээх гэрээ байгуулсан ч олон тооны хүндрэл бэрхшээлтэй нүүр тулаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top