Орон нутгийн цагаар ням гарагт Интер Майами клуб Филадельфиа Юнион клубтэй учраа таарсан тоглолтод Лионель Месси гэмтэж, дундаас нь талбайг орхисон. Хэдийгээр энэ тоглолтод Майамичууд өрсөлдөгчөө 6-4 хожсон ч Мессигийн гэмтэл хөгжөөн дэмжигчдийг түгшээсэн юм. Гэвч Интер Майами клубээс албан ёсны мэдэгдэлдээ “Зүүн гуяны булчингийн хэт ачааллын улмаас зовуурь илэрсэн тул болзошгүй гэмтлээс сэргийлж, тоглолтоос чөлөөлсөн” гэсэн юм.
Булчингийн ачаалал гэдэг нь булчингийн урагдал, гэмтлээс илүү хөнгөн, түргэн хугацаанд эдгэрэх боломжтой гэмтэл. Гэхдээ хөдөлгөөний хэт ачааллыг алгуур багасгахгүй бол бүр ноцтой гэмтэж болзошгүй. Тэгэхээр хангалттай амрах шаардлагатай гэсэн үг.
Америкийн хөлбөмбөгийн MLS лигийн үлдсэн тоглолтуудад Интер Майами клуб Мессигүй тоглохоос өөр аргагүй боллоо. Дэлхийн хөлбөмбөгийн нэгэн цагийн домог Лионель Мессигийн хувьд 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ хамгийн сүүлчийнх нь байх болно. Өмнөх ДАШТ-нд гайхалтай формтой байж түрүүлсэн Аргентины шигшээг энэ жилийн гол фаворит баг гэж олон мэргэжилтнүүд дүгнэж буй. Аргентины шигшээ баг эхний тоглолтоо зургаадугаар сарын 17-ны 09:00 цагт Алжирын шигшээ багийн эсрэг хийнэ. Хэрэв гам сайн барьж чадвал Лионель Месси энэ тоглолтын гараанд гарах бүрэн боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )