Улс төрийн намуудын санхүүгийн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудын санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нам 2025 оны санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Эдгээрээс 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авч (Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3) төрийн санхүүжилт авах шаардлага хангасан 9 намын санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлж байгаа юм.

Төрийн аудитын байгууллага төрөөс намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлд гаргасан дүгнэлтийг жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусган тайлагнахаар Улс төрийн намын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасан.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн намын санхүүгийн тайлангийн хяналтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, аудитын хуулийн этгээд намын санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэл, бусад баримт бичиг болон намын гүйцэтгэх төв байгууллагаас өгсөн тайлбар, тодруулгыг үндэслэн холбогдох олон улсын стандартын дагуу шалгаж, баталгаажуулан дүгнэлт, тайлан гаргана. Хоёрдугаарт, Сонгуулийн ерөнхий хороо санхүүгийн тайланг Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянадаг. Ингэхдээ аудитын хуулийн этгээдийн тайланг харгалзан үздэг. Гуравдугаарт, төрийн аудитын байгууллага төрөөс намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлийг хянаж дүгнэлт гаргадаг.

Дээрх 3 үе шат бүхий аудитын хяналтын ажиллагаа бүр тус тусдаа дүгнэлт гаргана. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн намын санхүүгийн тайланд хийсэн хувийн аудитын хуулийн этгээдийн дүгнэлт болон төрөөс санхүүгийн дэмжлэг авсан улс төрийн намын санхүүгийн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтэд үндэслэн нэгтгэсэн мэдээлэл, тайланг Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сард багтаан нийтэд мэдээлж, Улсын Их Хуралд хүргүүлэх юм.

Хуульд заасан шаардлага хангасан намд олгох төрийн санхүүжилтийн төсөв нь Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт жил бүр тусгагдах бөгөөд намд олгох санхүүжилтийн хэмжээ нь тухайн намын өөрийн орлого, Үндэсний аудитын байгууллагын дүгнэлт зэрэгт үндэслэн хуульд заасан томьёоллоор тооцож олгодог. Үндэсний аудитын байгууллага нь мөн Сонгуулийн ерөнхий хорооны төсвийн гүйцэтгэлт аудитын хийхдээ төрөөс олгох санхүүжилтийг зөв тооцсон эсэх, тооцсон дүнгээр шилжүүлсэн эсэхэд төсвийн цаглаварт нийцүүлэн гүйцэтгэлийн аудит хийж дүгнэлт гаргана.

Намд олгох жил бүрийн төрийн санхүүжилтийн

-20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх;

-15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах;

-15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх зориулалтаар зарцуулахаар хуульд заасан.

Төрийн санхүүжилтийг тухайн зорилгоос өөр зориулалтаар зарцуулсан бол сонгуулийн төв байгууллага хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, эсхүл дараагийн төрийн санхүүжилтээс хасаж тооцохоор Улс төрийн намын хуульд заасан. Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top