Нам. Нам гэж чухамдаа юу вэ? Энэ асуултад өнөө хэр нь хариулт алга. Хамгийн энгийн юм шиг мөртөө манайд хариулт нь олддоггүй гол асуулт гэвэл энэ. Цэнхэр, улаан, ногоон өөр ямар нэгэн өнгөөр будаад хаа хүрэх, хаашаа зүглэх нь үл мэдэгдэх намууд өнөө бидний нийгмийн гол “жолоодогч” нь юм. Тэд хаа хүрэхээ мэдэхгүй байгаа учраас ардчилал гэх их тойрогтоо 30 жил эргэцэж байгаа гэж гаднын мэргэжилтнүүд ч, ад үзэгдсэн зарим улстөрчид ч дуу нэгтэй хэлж байна. Чухамдаа яагаад зүгээ тодорхойлоогүй вэ гэхээр нам гэж чухамдаа юу болохыг, намын эрх гэж чухам юу вэ гэдгийг эх хуульдаа тусгаагүй учраас тэр. “Төр гэдэг чинь угтаа ард түмэн юм” гэж хашхираад, уухай хадаан байж “Сүх”-ийн талбай дээр жагсаж байхдаа “дээр байгаа ах нар” чухам ямар намыг төсөөлж байсан нь эргэлзээтэй. Ихэвчлэн номын дууг нь сонсож байсан Зөвлөлт засгийн намаа юу, эсвэл хаяа дэрлэсэн нутгаасаа үзэл суртлаар хуваагдсан Зүүн Германы хүчнүүдийг үү? Төсөөлөл гэж угтаа байгаагүй зөвхөн тухайн жагсагчид амь бүтэн атлаа “хөөрхөн” эрх мэдэлтэй үлдэх боломж нь МАХН-ыг татан буулгалгүй үлдээсэн юм. Бүтэн 70 жил нийгмийн нэг системийг удирдаж байсан энэ нам оршин тогтносон хэвээр байсан учраар улс төрийн бусад хүчнүүдэд эрх тэгш боломж олдоогүй аж. Тиймдээ ч нам дээрээ нийлдэг, гараад нам зөрдөг, ашиг сонирхлын фракцаараа нэгддэг дүр зураг бий болов. Олон арван фракц ямар нэгэн үр дүнд хүрэх, МАХН-аас илүү гарах боломжгүй учраас л өнөөгийн Ардчилсан нам дүр, өнгөө олсон юм. Олон фракц, эвслүүдийн нэгдэл учраас энэ намд үзэл бодлын жанжин шугам, туг болсон улстөрч одоог хүртэл төрөхгүй байгаатай холбон ойлгож болох талтай. Өмнө нь “төр нийгмийн удирдан чиглүүлэгч хүч” байхдаа МАХН ийм л байсан одоо ч иймээрээ байна. Ялгаатай нь социаль демократ замналаа “нийгмийн ардчилал” гэх сайхан монгол үгээр томьёолсонд л оршиж байгаа юм. Хэдийгээр зүүн төвийн үзэл баримтлалтай гэдэг ч хааяахан коммунист, бүр заримдаа консерватив, таалагдахын тулд либерал, хэтрүүлээд хэлбэл ардчилсан чиг баримжаатай үгсийг урсгаж гарна. Ардчилсан нам нь эсрэгээрээ яг л зүүн төвийн үзэл баримтлалтай бодлого баримтална. Тэдний үед “сайн хувьцаа”, “эх орны хишиг”, “хүүхдийн мөнгө” гэх ойлголтууд бий болсон билээ. Зүүн төвийн үзэл баримтлалтай гэх МАХН /одоогийн МАН/-аас ч гараагүй л санаанууд.
Том хоёр нам нь өөрсдийнхөө томд бардаад зүгээ олоогүй будилж байх хооронд улстөрийн гуравдагч хүчний байр суурь үгүйлэгдсээр.
“Монгол Улсад ардчилал гэхээс илүү намын шинж чанарыг тодорхойлох хэрэгтэй. Нам нээлттэй, олон хүний оролцоог хангадаг, түүнийгээ хэрэгжүүлдэг байх нь пост коммунист улсуудад тустай” гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч асан Жийн Паскаль-Н.Нгану ярьжээ.
Том хоёр нам нь өөрсдийнхөө томд бардаад зүгээ олоогүй будилж байх хооронд улстөрийн гуравдагч хүчний байр суурь үгүйлэгдсээр. Гэхдээ гуравдагч хүчин гэх ойлголт монголын нийгэмд их эргэлзээтэй. Яаж ч гуравдагч хүчин гарлаа гэсэн, яаж ч хоёр том намаас илүү нам бүрдүүллээ гэсэн энэ хоёроосоо холдож чаддаггүй. Эгээтэй л охин компани аятай байсаар хоёр илүү арваныг ардаа хийгээд байна. Үзэл бодол, ашиг сонирхлоороо энэ хоёроосоо хөндийрч чадахгүй байгаа учраас ямар ч гоё нэр өгөөд сонгуульд торойдоггүйн учир нь гэвэл энэ. Хэдийгээр тэднээс үзэл бодлоороо зүг илүү, хаа хүрэхээ мэдсэн улс төрийн хүчин бүрэлдэн бий болдог ч удалгүй хоёр томын атганд багтаад алга болдог жамтай. Бүр эсвэл намынхаа даргад өсөрхсөндөө өөр нам байгуулаад уриа хашхираад явж байдаг дүр зураг өнөөгийн намуудын дүр төрх.
Намуудыг төгөлдөршүүье гэвэл нэн түрүүнд ганц хоёр удаагийн сонгуульд хэдэн суудал аваад хэдэн жилийн дараа томуудтайгаа нэгддэг байдлыг таслан зогсоох нь чухал. Тийм ч учраас улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Хэрэв ингэж өөрчлөхгүй бол нам болж тоглосон хэдэн нөхөд сонгууль бүрийн өмнө гарсаар байх болно.

Сэтгэгдэл ( 0 )