Сонгуулийн ерөнхий хороо, Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/-тай хамтран Хүүхдийн номын сан, 21 аймгийн номын сангийн захирал, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, арга зүйгээр хангах сургалт зохион байгууллаа.
Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Үндэсний номын санд “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” ажиллуулж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд 21 аймгийн номын санд сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх танхим, боловсон хүчинтэй болох зорилт тавин ажиллаж байгааг сургалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваа-Очир онцолсон юм. Орон нутгийн номын сангийн ажилтнууд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажилладаг сонгуулийн зүтгэлтнүүд гэдгийг тэрбээр тэмдэглээд сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх ажилд нь амжилт хүсэв.
Үндэсний номын сан, сонгуулийн төв байгууллагын хамтын ажиллагаа болон Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-ын танилцуулга, сонгуулийн боловсрол олгох арга зүйн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Аймаг, нийслэлийн номын сангуудад сонгуулийн боловсрол олгох мэдээ мэдээлэл, ном товхимол, гарын авлага, сэтгүүл байршуулахаас гадна үйлчлүүлэгч, залуу сонгогчдоос судалгаа авах, судалгааны дүнд үндэслэн сонгуулийн боловсрол олгох арга зүйгээ тодорхойлох зэрэг ач холбогдолтойг тэрбээр мэдээлэлдээ онцолсон юм.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн сонгуулийн төв байгууллагын чиг үүрэг, Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, намын ил тод, нээлттэй байдлын талаар оролцогчдод мэдээлэл өгөв.
Орон нутаг дахь номын сангаар дамжуулж сонгогчдод сонгууль, улс төрийн боловсрол олгохоор зорьж байгааг номын сангийн захирал, мэргэжилтнүүд дэмжиж байгаагаа хэллээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн төв номын сангийн захирал Л.Мөнхбаатар “Ээлжит болон нөхөн сонгуулийн үеэр орон нутагт сонгуулийн үйл явдлын мэдээ түгээдэг. Сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа байнгын байж хариуцлагатай, хэрсүү сонгогчийг бэлтгэнэ. Тиймээс нийслэл, 21 аймгийн номын сангийн мэргэжилтнүүдийг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэх шаардлагатай” гэдэг саналаа хэлснийг сургалтад оролцогчид дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Энэ удаагийн сургалтаар нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэхээр санал нэгдэж, сургалтыг 2026 оны тавдугаар сараас эхлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )