Өнгөрсөн 2025 оны турш өссөн ураны фьючерс үнэ энэ оны нэгдүгээр сарын сүүлээр нэг фунт нь 100 ам.долларын босгыг давсан билээ. Японы Фүкүшима атомын цахилгаан станц дээр 2011 онд осол гарснаас хойш цөмийн эрчим хүчний объектуудаас айх айдас олон улсыг ураны хэрэглээнээс татгалзахад хүргэсэн. Харин өнгөрсөн онд тэрхүү айдас бүр мөсөн арилав. Эл хүнд металлын эрэлт мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа бол үйлдвэрлэл нь хоёр жилийн турш нэг л хэмжээндээ байсаар байна. АНУ, Европын Холбоо импортын уранаас татгалзаж дөнгөхгүй байгаа бол энэхүү зах зээл дээр Орос улсын байр суурь бат бөх хэвээр байна.
Trading Economics порталын мэдээллээр, Нью Йоркийн бирж дээр ураны фьючерс үнэ 2025 оны турш өссөн ба өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд нэг фунт /0,45 кг/ нь 101.5 ам.долларт хүрч өссөн ч 2007 оны тавдугаар сарын рекордод /148 ам.доллар/ хүрч чадаагүй. Хоёрдугаар сарын 9-нд нэг фунт уран 85.3 ам.доллар болж буурсан ч нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 22.4 хувиар өндөр байлаа.
Үнийн бууралтыг богино хугацааных гэж Trading Economics үзэж байна. Энэ нь дэлхийн ураны томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох Узбекистан 2025 онд ураны олборлолтоо төлөвлөж байсан 4200 тонноос 7000 тонн болгож өсгөсөнтэй холбоотой.
Узбекистан дахь олборлолтын тухай мэдээг дэлхийн зах зээл хомстол багасна гэж тайлбарлаж байсан бөгөөд улмаар эрэлт, нийлүүлэлтийн тэнцлийн хүлээлтийг эргэн харахад хүргэсэн. Одоогоор эрэлт тогтвортой өснө гэсэн баталгаа байхгүй байгаа ч үнэ буурч байгаа нь урт хугацааны шинэ трендийн шинж тэмдэг гэхээсээ илүү Узбекистан дахь олборлолтын тухай мэдээнд үзүүлж буй хариу үйлдэл юм.

Холбогдох сан эсвэл трейдерүүд томоохон худалдан авалт хийвэл ураны үнийг богино хугацаанд өсгөж, мөн богино хугацаанд унагадаг болохыг шинжээчид онцолжээ. Тиймээс олборлолт нэмэгдсэн тухай ямар ч мэдээ үнийн өсөлтийг тодорхой хугацаанд зогсоож чаддаг байна. Гэсэн ч одоогоор олборлолт нь эрэлтийнхээ хойно явж байна.
Бусад түүхий эдийг бодвол уран нь нээлттэй зах зээл дээр зарагддаггүй бөгөөд хувийн журмаар гэрээнүүд л байгуулагддаг байна. Дэлхийд уран үйлдвэрлэлээрээ хоёрт бичигддэг Канадын Comeco сарын дундаж спорт үнийг нийтэлдэг. Тус компанийн сүүлд тооцоолсноор, нэг жилийн дотор ураны үнэ 36 хувиар өсөж, 2026 оны нэгдүгээр сарын байдлаар нэг фунт нь 94.28 ам.долларт хүрчээ.
Үнэ яагаад өсөж байна вэ?
Үнийн өсөлтийн шалтгаан нь дэлхий дахины, юуны өмнө АНУ-ын цөмийн эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх төлөвлөгөөтэй холбоотой өөдрөг хандлага бий болсонтой холбоотой. Өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2050 он гэхэд атомын цахилгаан станцуудын хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Харин энэ оны эхээр АНУ-ын эрх баригчид атомын цахилгаан станцуудад зориулсан уран баяжуулахад зориулж 2.7 тэрбум ам.долларыг тусгасан. Энэ нь Оросын цөмийн түлшийг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр орлуулах зорилготой.
.jpeg)
Цөмийн түлшний үнэ бусад металлуудын үнийн өөрчлөлтийг мөн даган өсөж байна. Геополитикийн эрсдэл нэмэгдэж, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хараат бус байдал алдагдах вий гэсэн болгоомжлолоос үүдэн өнгөрсөн онд үнэт металлууд огцом үнэд орсон билээ.
2025 онд дэлхий дахинд ажиллаж байгаа атомын цахилгаан станцуудын ураны эрэлт 68 мянган тонн байсан бол олборлолт нь 62200 тонн байв.
Мөн ураны урт хугацааны эрэлт өснө гэсэн өөдрөг төсөөлөл биеллээ олсон. Шинэ станцууд баригдаж, атомын эрчим хүчний сэргэлт цөмийн түлшний эрэлтийн нэмэгдүүлж, улмаар үнэ нь өсөхөд хүргэсэн тухай шинжээчид дурджээ. 2011 онд гарсан Фүкүшима атомын цахилгаан станцын ослоос хойш олон улс орон цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхэлсэн ч 2025 он гэхэд нөхцөл байдал өөрчлөгдсөн.
2025 онд цөмийн реакторуудын нийт хүчин чадал нь 398 ГВт байсан бол 2040 он гэхэд 746 ГВт-д хүрэх хандлагатай байна. Энэ хугацаанд дэлхийн ураны эрэлт хоёр дахин нэмэгдэж, 150 мянган тонн хүрнэ гэж тооцоолж байна. 2050 он гэхэд дэлхий дээрх цөмийн станцуудын нийт хүчин чадал 1446 ГВт-д хүрэх төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд үнэлжээ.
Дунд хугацаанд дэлхий дахинд байгалийн ураны хомстоно гэж таамаглаж байна. Энэ нь цөмийн эрчим хүчний эрчимтэй хөгжилтэй холбоотой аж. Ингэхдээ цөмийн эрчим хүч болон ураны бүтээгдэхүүний эрэлт аажмаар дэлхийн өмнөд хэсэг рүү шилжинэ гэсэн хүлээлт байна.
Уранаар өлсөх нь
Ураны хэрэглээ нь үйлдвэрлэлийн хэмжээг даваад байна. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч болон хөрөнгө оруулагчдын эрэлт нэмэгдэж буй нь энэ он гэхэд ураны үнэ сүүлийн 20 жилийн дээд хэмжээнд хүргэж болзошгүй.
2024 оны байдлаар, дэлхийн ураны олборлолтын дөрөвний гурван хувийг Казахстан, Канад, Намиб гэсэн гурван улс хангаж байжээ. Тэд нийт 23270 тонн уран үйлдвэрлэсэн байна. Тухайн жил Узбекистан тавд жагсаж байжээ.
Энэ онд уран олборлолт 67 мянган тоннд хүрч, хэрэглээ 70 мянган тонн байна гэсэн тооцоол гарчээ. Улмаар зэх зээл дээр хомстол үүсэж, үнэ нь ч өндөр хэвээр байх төлөвтэй байна гэж шинжээчид онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )