Монгол Улс Евразийн интеграцид нэгдэж байна

Админ | Zindaa.mn
2025 оны 10 сарын 24

 

Энэ оны зургадугаар сард Беларусь улсын нийслэл Минск хотноо Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой (ЕАЭЗХ) чөлөөт худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурсан нь манай улсын экспортыг дэмжих нэгэн чухал алхам болсон юм.

Монгол Улсын хувьд ЕАЭЗХ-ын гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Орос Холбооны Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлснээр ямар боломжуудыг олж авах вэ. Нэгдүгээрт, энэ гэрээ нь Монголын бизнес эрхлэгчдэд өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах том зах зээлийг нээж өгсөн. Монголын дотоодын зах зээл одоогоор 3.5 сая хэрэглэгчтэй бол ЕАЭЗХ-ын зах зээл 400 сая хэрэглэгчтэй байна.

Хэлэлцээрийн хүрээнд гаалийн татварын хувь хэмжээ бага хэмжээнд байлгах, мөн зарим барааг татвараас чөлөөлөх талаар тохиролцсон юм. Одоогийн байддаар манай улсын экспортын бараанд 15-50 хувийн татвар ногдуулдаг. Гэтэл манай улсын импортын татвар ердөө 5 хувьтай байна. Хэрэв Монгол Улс 2024 онд ЕАЭЗХ-ын орнуудад бараа бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн бол татварын хөнгөлөлтээр 16 сая ам.доллар хэмнэх боломжтой байсан юм гэж өнгөрсөн оны сүүлчээр Эдийн засгийн хөгжлийн яамны макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан хэлсэн. Түүний хэлснээр ЕАЭБ-ын зах зээлд нэвтэрснээр ОХУ-д хийх экспорт 18%-иар, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.2%-иар нэмэгдэх боломжтой юм.

Монгол Улс, ОХУ хоёр ШХАБ-ын хүрээнд нягт хамтран ажиллаж байгааг онцлох нь зүйтэй болов уу. Мөн Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор байгуулагдаж байна. Гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд бараа, бүтээгдэхүүн импортлох, экспортлоход харилцан хөнгөлөлттэй татвар ногдуулах (мөн татвараас хэсэгчлэн чөлөөлөхөөр) тохиролцсон юм.

Хамтын ажилллагааны өөр нэг чиглэл бол Европ, Зүүн өмнөд Ази руу чиглэсэн транзит коридорыг хөгжүүлэх, үүний үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан төлбөр тооцоо хийх тогтолцоог бүрдүүлэх, түүний дотор бартерын төлбөр тооцоо (харилцан тохиролцсон үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх) хийх, харилцан хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх явдал юм.

 Энэхүү коридорыг (2010-аад оны дундуур Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах гурван талт үзэл баримтлалыг баталсан) Москва, Бээжин, Улаанбаатарын зүгээс Азийн ихэнх хэсгийг хамарсан эдийн засгийн интеграцчилалыг улам өргөжүүлэх боломжтой гэж үздэг. Үзэл баримтлалын хүрээнд тээврийн дэд бүтэц, гаалийн удирдлага, аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх механизм бий болсон.

Мөн Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, тэр дундаа төмөр замаар тээвэрлэх салбар идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм. Олон улсын уламжлалт маршрутын дагуух цэрэг, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа тул өөр, илүү богино, аюулгүй чиглэлүүд эрэлт өндөртэй байгаа билээ. ОХУ-ын Алс Дорнод, Хятадын боомтуудтай холбогдох гурван улсыг дамнан холбосон коридорууд идэвхтэй хөгжиж байгаа. Энэ хүрээнд Монголын тээврийн коридорууд амин чухал холбоос болж байна.

Үүнтэй холбогдуулан гурван улсын эдийн засгийн коридорт ОХУ, БНХАУ-ын хөрөнгө оруулалт, зээл ашиглан Монгол Улсаар дамжин өнгөрөх шинэ маршрутыг бий болгохоор болсон. Үүний үр дүнд ойрын жилүүдэд Монголын төмөр замын сүлжээний урт нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Орос, Монгол, Хятадын төмөр замын байгууллагын төлөөлөгчид 2050 он гэхэд Улаанбаатар төмөр замын ачаа тээврийг гурав дахин нэмэгдүүлэх талаар тохирч протокол үйлдсэн. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монголын талаас БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, ОХУ-тай хиллэдэг Сүхбаатар боомтуудад дэд бүтцийн хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.

Жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсаар дамжуулан нийлүүлэх “Союз Восток” хийн хоолой нь гурван улсын хувьд хамтын ажиллагааны том төсөл юм.  Энэ оны есдүгээр сард ОХУ-д болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч В.Путин “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолой, Монгол Улсаар дамжин өнгөрөх “Союз Восток” төсөл нь дэлхийн эрчим хүчний томоохон төслүүдийн нэг гэдгийг онцолсон юм.

Өнөөдөр Монгол Улс энэ төслийн төв цэг нь болж, бүс нутгийн интеграцчилалын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Монгол Улс АПЕК, АСЕАН-тай эдийн засгийн хамтын ажиллаагаагаа хөгжүүлж, Евразийн интеграцчилалд нэгдэж байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top