Ираны бөхчүүд чөлөөт, сонгомлоор тэргүүлж, давхар цохилт хийв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 21

Хорватын Загреб хотноо Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн үргэлжилсээр байгаа. Чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөсөн ч залгаад сонгомол бөхийнх эхэлсэн юм.

Тэгвэл сонгомлын өрсөлдөөн маргааш өндөрлөхөөс өмнө Ираны эрэгтэйчүүдийн шигшээ медалийн тоо, нийт авсан оноогоороо тэргүүлэх нь тодорхой болоод байна. Өнөөдөр сонгомол бөхийн -130 кг-ын жинд Ираны Амин Мирзадэ, 82 кг-д Голамреза Фаррохи нар түрүүлж, харин 55 кг-ын жинд Паиам Ахмади мөнгөн медаль хүртлээ. Мөн маргааш медалийн төлөө хоёр ч иран бөх барилдахаар болоод байна.

Одоогоор хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай буюу 145 оноотойгоор багийн дүнгээр тэргүүлэх нь ойлгомжтой болжээ. Ингэснээр иранчууд түүхэндээ анх удаагаа ДАШТ-д чөлөөт бөх болон сонгомол бөхөөр багийн дүнгээр зэрэг түрүүлж, давхар цохилт хийлээ.

Ираны сонгомол бөхийн баг тамирчид өмнө нь 2014 онд Узбекистанд болсон ДАШТ-д багийн дүнгээр түрүүлсэн удаатай юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top