Стэнфордын их сургууль болон Arc хүрээлэнгийн эрдэмтэд хамтран анх удаа хиймэл оюун ухаан ашиглан байгальд өмнө нь огт ажиглагдаж байгаагүй цоо шинэ вирусийн загварыг бүтээжээ. Судлаачид сая сая бактериофагийн ДНХ-ийн хэв шинж дээр сургагдсан Evo хэмээх гений дарааллын хэлний загваруудыг ашигласан байна. Ингэхдээ зөвхөн бактерийг халдварлуулдаг Phi X-174 вирусийн гений дарааллыг суурь загвар болгон авч, шинэ вирусийн гений дарааллын олон хувилбар гаргажээ. Үүний дараа лабораторийн нөхцөлд ойролцоогоор 300 гений дарааллын загварыг нийлэгжүүлж, Escherichia coli буюу E. coli бактерид туршихад 16 нь бүрэн ажиллагаатай вирус болох нь тогтоогджээ.
Эдгээр вирус бактерийн эсийг амжилттай халдварлуулж, устгаж чадсан бөгөөд зарим тэсвэртэй бактерийн омогт ч үр дүн үзүүлсэн байна. Судлаачдын мэдээлснээр хиймэл оюунаар бүтээсэн эдгээр вирус нь хүн болон амьтанд аюул учруулахгүй. Учир нь тэд зөвхөн бактерийг онилдог бөгөөд хиймэл оюуны загварыг сургахдаа хүн, амьтан зэрэг илүү нарийн бүтэцтэй амьд биетийг халдварлуулах чадвартай эмгэг төрүүлэгчдийн генийг зориудаар хассан аж. Энэхүү дэвшил нь дэлхий даяар нэмэгдэж буй антибиотикт тэсвэртэй бактерийн халдварын эсрэг шинэ төрлийн эмчилгээ боловсруулах боломжийг нээж байна. Гэвч үүний зэрэгцээ биоаюулгүй байдлын мэргэжилтнүүдийн санаа зовнилыг нэмэгдүүлжээ. Хэрэв технологийн хөгжилтэй зэрэгцэн зохих хамгаалалт, хяналтын тогтолцоо бүрдэхгүй бол ижил төрлийн генератив хиймэл оюуны хэрэгслүүдийг ирээдүйд хор хөнөөлтэй биологийн зэвсэг зохион бүтээхэд буруугаар ашиглах эрсдэлтэй гэж анхааруулж байна.
Энэхүү судалгаа вирусийн гений дарааллыг хиймэл оюуны тусламжтайгаар шинээр зохион бүтээх боломж бодитоор бий болсныг харуулсан учраас илүү хүчтэй зохицуулалт, хяналт, биоаюулгүй байдлын механизм яаралтай шаардлагатайг мэргэжилтнүүд онцолжээ. Энэхүү үйл явдал нь генератив биологийн технологи анагаах ухаанд асар их боломж нээж байгаагийн зэрэгцээ түүнийг буруугаар ашиглахаас сэргийлж, хариуцлагатай хөгжүүлэх нь нэн чухал болохыг харуулж байна гэж "The New York Times" сонинд бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )