ДОХИО | Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 7.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 2025 оны төсөвт 85 сая тонн экспортлох зорилт тавьж байсан юм.

Өмнөх оны эхний хагаст БНХАУ-ын дотоодод эрэлт буурч, гангийн зах зээлийн илүүдэл үүсэж, ган үйлдвэрлэлийн гол найрлага болох коксжих нүүрсний эрэлт огцом буураад байсан юм. Үүнээс үүдэн манай талын нүүрсний экспорт эрс унаад байсан билээ. Гэвч долоодугаар сараас хойш нүүрсний эрэлт огцом сэргэснээр экспортын биет хэмжээ нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэн юм.

Монгол Улсын нүүрсний экспорт сүүлийн гурван жил дараалан өсөөд байна.

Экспортолсон нүүрсийг төрлөөр нь авч үзвэл 84.2 сая тонн чулуун нүүрс, 5.7 сая тонн хүрэн нүүрс байна. Экспортын хувьд бараг 100% БНХАУ-аас хараат байна. БНХАУ-ын хэвлэлүүдэд дурдсанаар коксжих нүүрсний импортын 50 орчим хувийг Монгол Улс бүрдүүлж байгаа гэх дүн мэдээ гарчээ.

Дохио

Нүүрс биет хэмжээгээрээ өссөн юм байж. Бүр рекорд тогтоосон. Гэвч Хятадын талд нүүрсний үнэ буурсаар байгааг мартаж болохгүй. Өнгөрсөн онд Монгол Улс экспортолсон нүүрснээсээ 5.7 тэрбум ам.доллар олсон. Энэ нь 2024 онтой харьцуулахад 33.7% буурсан гэсэн үг юм. Геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын дотоодод нүүрсний нөөц нэмэгдсэн зэргээс шалтгаалан 2025 онд нүүрсний дундаж үнэ 64 орчим ам.долларт хэлбэлзэж байсан нь 2024 онтой харьцуулахад даруй 38% буурсан үзүүлэлт.

Монгол Улс 2025 онд нүүрсний экспортоос 5.7 тэрбум ам.доллар олсон. Энэ нь 2024 онтой харьцуулахад 38% буурсан үзүүлэлт 

Одоогоор АНУ-ын баримталж буй бодлогоос шалтгаалан Холбооны нөөцийн банк хараат байдлаа алдах эрсдэлтэй байгааг мэдэгдсэн. Энэ нь үнэт металлын үнийг хөөргөдөж байгаа ч нүүрсний үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Дээрээс нь БНХАУ-ын бүтээн байгуулалтын гол нэгж болох орон сууцны зах зээл уналттай байхаас гадна дэд бүтцийн хөрөнгө оруулалт ч тааруу байна. Энэ нь гангийн бүтээгдэхүүний эрэлт сааруулж байгаа юм. Гангийн эрэлт саарна аа гэдэг нь коксжих нүүрсний эрэлт буурна. Эрэлт буурахаа дагаад үнэ нь ч бас буурна. Онцолж харах ёстой нэг зүйл нь томоохон санхүүгийн байгууллагуудын мэдээлснээр 2026 онд нүүрсний ханш 1-3% буурах төлөвтэй гэж төсөөлжээ. Энэ нь Монголд ч хүндээр тусна.

Томоохон санхүүгийн байгууллагуудын мэдээлснээр 2026 онд нүүрсний ханш 1-3% буурах төлөвтэй гэж төсөөлжээ.

Энд гадаад зовлонгоос гадна дотоод зовлон бий. Манай дотоод зовлон бол дэд бүтэц сул явдал. Нүүрсний биет хэмжээ нэмэгдэх ч манайх энэ их нэмэгдлийг дааж чадахгүй. Одоо байгаа дэд бүтцийн байдал, хүчин чадлаар биет хэмжээг нэмэгдүүлэх боломж байхгүй. Үүнийг Г.Дамдиннямын өмнөх сайд нь ч хэлсэн үгэндээ дурдаад байв. Дэд бүтцээ нэмэгдүүлэх хүсэл нь нөгөө талын эс үйлдэхүйгээс бас хамаардаг тул манайхан энэ зовлонтойгоо хэсэгтээ зууралдана. Дэлхийн улс орнууд шиг уул уурхайн салбараа жижгээс том руу нь сэтгэдэг байх ёстой болж байна. Сүүлийн үед гадаад талд байдал хором мөч бүрээр өөрчлөгддөг боллоо. Энэ хэрээр уул уурхайн салбарын өсөлт, бууралт хамаарна. Үүнд тааруулсан бодлоготой байхгүй бол 50 жилээс тав руу буугаад сүүлдээ 50 ч үгүй, 5 ч үгүй болох вий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top