Хөлбөмбөгийн түүхэнд анх удаа “ногоон хуудас” хэрэглэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 10 сарын 03

Хөлбөмбөгийн тоглолтын үеэр шар, улаан хуудсыг 1970 оноос эхлэн хэрэглэж заншсан болохоор өдгөө энгийн зүйл болжээ. Тэгвэл дөнгөж хэдхэн хоногийн өмнө гурав дахь хуудас буюу “ногоон хуудас” нэмэгдлээ.

Чилид болж буй 20 хүртэлх насныхны ДАШТ-ий Өмнөд Солонгос – Украины шигшээ багийн тоглолтын явцад Солонгосын дасгалжуулагч И Чан Вон “ногоон хуудас” өргөж, пенальти заахаар алдаа гаргасан гэж үзэн, дахин хянуулахыг хүссэн юм. Дасгалжуулагчийн өргөсөн хуудсын дагуу шүүгч VAR-аар удаашруулан хянаж үзээд, пенальтийн алдаа биш гэж үзжээ. Энэ нь хөлбөмбөгийн түүхэнд “ногоон хуудас” хэрэглэсэн анхны тохиолдол боллоо.

Хэдийгээр дүрэмд “ногоон хуудас” гэж нэрлэсэн ч тухайн тоглолт дээр бол ягаан өнгийн хуудас ашигласан байна. Энэ хуудасны ид шид юунд орших вэ? гэвэл хоёр багийн дасгалжуулагч тоглолтын эргэлзээтэй агшинг шүүгчээр дахин хянаж шалгуулах боломж болж байгаа юм.

Өмнөд Солонгос – Украины тоглолтын маргааш Испани-Мароккогийн 20 хүртэлх насны шигшээ багийнхны тоглолт болсон. Энэ тоглолтын үеэр Мароккогийн дасгалжуулагч Мохамед Уахби “ногоон хуудас” өргөж, пенальти заахад хүргэсэн агшинг хянуулахыг мөн хүссэн байна. Дасгалжуулагчийн өргөсөн хуудсын дагуу шүүгч тухайн агшныг дэлгэцэнд удаашруулан хянаж үзээд, Испанийн хөлбөмбөгчийг жүжиглэж унасан хэмээн шийдэж, пенальтийг цуцалжээ. Ингээд Мароккогийн шигшээ 2:0-ээр хожсон байна.

“Ногоон хуудас”-ыг дасгалжуулагч тоглолтын явцад хоёр удаа ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, хоёр тохиолдлыг хянуулах эрх эдлэх юм. Гэхдээ VAR-ийнх шиг гоол, улаан хуудасны алдаа, гоолтой холбоотой алдааг хянах болно. Бусад тохиолдолд хянахгүй.

“Ногоон хуудас” нь дасгалжуулагчид тоглолтын өрнөлд оролцох, шүүгчийн шийдвэрийг дахин хянах, тоглолтыг шударга байлгах боломжийг олгоно. Мөн энэ хуудсын ачаар тоглолтын явцад гарах маргаан багасах боломжтой гэж үзэж байна.

2023 онд Португалын эмэгтэйчүүдийн лигт цагаан хуудсыг анх удаа ашигласан. Тоглолтын явцад сэлгээнд суусан нэгэн тоглогчийн бие муудахад хоёр багийн эмнэлгийн албаныхан зэрэг зэрэг туслахаас ухасхийсэн юм. Ингэж хүнлэг чанар гаргасныг нь шүүгч онцгойлон сайшааж, цагаан хуудас өргөсөн юм.    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top