Гэрэл тусаагүй МҮОНРТВ-ийг Г.Гэрэлээс салгая!

Автор | Zindaa.mn
40 минутын өмнө

Гэрэл ордгоо орчихсон юм бишүү гэж уншигч та бодож байж болох л доо. Гэхдээ хэн нэгэн Гэрэл, сүүдрийн тухай бус Монголын үндэсний олон нийтийн, радио телевиз гэдэг том байгууллагад гэрэл оруулж, шинэчлэл хийх тухай яриад байгаа юм. МОНРТВ-ийн захирлаар Г.Гэрэл томилогдоод хоёр жил болжээ. Болох доо “хөтөлбөр, менежмент, санхүүгийн гурван шинэчлэл хийнэ” гэж ярьж байв даа...

Гэрэл ороогүй хөтөлбөр

Нам нь сарнисан ч намжир нь үлдсэн энэ нийгэмд “олон нийтийн” гэх тодотголтой Үндэсний телевизэд хөтөлбөр гэхээр юм бараг байгаагүй юм даа. Гэрэл гэдэг субъект очоод ч хөтөлбөр цэгцэрсэнгүй. Ерөөс улстөрчид сонгуулийн үеэр л Үндэсний телевизийг тоодог юм. Улс төрчид нь ч, иргэд нь ч тоодоггүй “олон нийтийн телевиз” энэ хооронд “Хүхэлсүх”, “түүхээх”, “ажилалжээ”, “дэлхийн 206 улс” гэж мэдээллийн хөтөлбөртөө алдах болов. Алдаа зөвхөн үг үсгээр дуусахгүй. Мэдээллийн хөтөлбөрийн агуулга л лав Засгийн газар, УИХ-ын цаг, Ерөнхийлөгчийн хэвлэлийн албадынх шиг мэдээлэл эзэлнэ. Тоймчийн хөтөлбөр нь аналитик дүгнэлт, иргэдийн байр суурь гэхээс илүүтэй дарга ангийн хөмсөг зангидсан нүүр л гараад байна. 

Үндэсний олон нийтийн телевизийн хөтөлбөр нь ердөө давталт боллоо. Давтаад л байна, давтаад л байна...

Мэдээллийн хөтөлбөрийн агуулгад хоёр жилийн өмнө дүн шинжилгээ хийхэд эрх баригчдын мэдээлэл 80-аас илүү хувьтай гарч байлаа. Одоо ч өөрчлөгдсөн юм алга. Мэдээллийн хөтөлбөрөөс гадна бусад хөтөлбөрийн агуулга нь “аргуу”. Олон жилийн өмнө хийсэн нэвтрүүлгээ ээлж дараагаар давтана. Давтахдаа тэнгэр болсон хүмүүсийг “зовох” зүйлгүй давтана. Давтахдаа үлдсэн гурван сувгаараа сөргүүлж давтана. ОХУ, БНХАУ-ын телевизийн олон ангит кино, баримтат киног гаргана. Цэнгээнт нэвтрүүлэг, хүүхдийн нэвтрүүлэг өдрийн од шиг. Байгаа хэдэн шинэ нэвтрүүлэг нь өнгө үзэмж, тайз засалт гээд харагдах байдлаараа хуучин нэвтрүүлгээ өвчсөн юм шиг дуурайна. Өглөө хөтөлбөр болон “Гэрэлтэй цонх”-ын агуулга нь өглөө, үдшийнхийг нь ялгахааргүй ижил. Спортын суваг, англи хэлт суваг, гэр бүлийн суваг нь дээр үед хийсэн олон ангит кинонуудаа хадмал орчуулгатай нэг, орчуулгагүй нэг сөөлжилж гаргана.

Гэгээ ороогүй менежмент

Г.Гэрэл дарга болж дэвшихдээ менежмент гэдгийг шүүмжлэлт сэтгэлгээг хаана гэж ойлгосон шиг байна лээ. Дарга болоод удаагүй байхдаа “Өнгөрсөн хугацаанд телевиз дээр ямар үйл явдлууд өрнөв. Түүнийг бид цаашид давтах учиргүй” гэж байв. Уг нь бүтээлч шүүмжлэл, эрүүл сэтгэлгээ байж, байж “олон нийтийн” гэх тодотголтой телевиз “амьдардаг” учиртай. Агуулга нь ч дүүрэн болж ирнэ. Гэтэл одоо тэгсэнгүй. Бүтээлч шүүмжлэлтэй хэдийгээ “жийж” гаргаад, олон жил “систем”-ийг нь атгасан хашир бурхинууд үлдсэн. Үлдээд хөтөлбөрт нь ч, менежментэд нь ч өөрчлөлт орсон юм байхгүй сууна.

Үндэсний зөвлөлийн даргыг нь барьж хорьж байгаа тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл яваад байхад МҮОНРТВ-ийн захирлын хувьд нэг ч үг ган хийсэнгүй.

Олон нийтийн радио телевизийн талаар гадна талаас л шүүмжлээд байдаг. Гэвч дотооддоо бүтээлч шүүмжлэл алга. Уг нь дарга болохдоо бүтээлч шүүмжлэл бүхий, зөв системтэй бүтэц бий болгоно гэж байв. Гэтэл Үндэсний зөвлөлийн гишүүн нь илт хуулиа зөрчөөд улс төрд суудалтай нэг намын Удирдах зөвлөлд багтах гээд байдаг. Үндэсний зөвлөлийн даргыг нь барьж хорьж байгаа тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл яваад байхад МҮОНРТВ-ийн захирлын хувьд нэг ч үг ган хийсэнгүй. Уг нь Авлигатай тэмцэх газраас тодруулахад энэ байгууллагын удирдлагуудтай холбоотой өргөдөл гомдол ирээгүй юм билээ. Гэвч олон нийтийн тодотголтой телевиз нь таг дуугүй.

Сүүдэр туссан санхүү

Уншигч та яг одоо шил ажиллагааны shilen.gov.mn цахим хуудас руу ороод үзээрэй. Хайлт хэсэгт МҮОНРТВ гэж бич. Юу ч гарч ирэхгүй. Баян-Өлгий аймгийн орон нутгийн радио, телевизийн мэдээлэл л гарна.

МҮОНРТВ-ийн цахим хуудаст “Шилэн данс” гэх тусдаа цэс байх боловч 2022 оноос хойш мэдээлэл нь шинэчлэгдээгүй.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-т “Олон нийтийн радио, телевиз энэ хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн” гэж заасан бий. Түүнчлэн тус хуулийн 6.1-т “Олон нийтийн радио, телевиз жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх” тухай дурдаад 6.1.2-т “санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт” ил тод байх тухай тусгажээ. Гэвч Үндэсний аудитын газрын тайланд ч тодорхой мэдээлэл алга.

Санхүү нь ил тод биш мөртлөө цалин бага байна нэмүүлье, хөтөлбөрийн агуулга нэмэгдүүлье төсөв бага, олон нийтээс авдаг хураамжийг нэмэгдүүлье гэж уйлан дуугарахаас өөрийг “шинэ” Г.Гэрэл хийсэнгүй. Айл өрх бүрээс хураамж авдаг мөртлөө чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Санхүү нь тодорхойгүй учраас хөтөлбөрийн агуулга хэрхэж байгааг мэдэхгүй. Тооцож чадахгүй бол төлөвлөж чадахгүй. Төлөвлөж чадахгүй учраас менежмент алдана. Менежмент алдагдах учраас Үндэсний зөвлөлтэйгөө учраа олохгүй. Учраа олохгүй учраас МҮОНРТВ-тэй холбоотой сайн гэхээс илүү саар мэдээлэл давамгайлна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн хуралдаанаар МҮОНРТВ-ийн үйл ажиллагааны ил тод байдлын тухай хэлэлцэв.

Нийтийнх болоогүй нийтийн телевиз

Ер нь эрх баригчид “нийтийн” гэх юм бүрд дургүй. Ямар сайндаа “нийтийн” бие засах газруудыг янгинатал түгжээд зарим хэсгийг нь гаднын дэлгүүр болгож байхав. Түүн лугаа адил “олон нийтийн радио, телевиз” гэх боловч Үндэсний олон нийтийн радио, телевиз нийтийнх болж чадсангүй.

Үүнд үе, үеийн удирдлагууд ялангуяа одоогийн удирдлага, тэр тусмаа нөхөр Г.Гэрэл буруутай. Дээр дурдсан “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль”-ийн 6-р бүлгийн хоёр дахь хэсэгт “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа ил тод байлгах, олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг явуулах, сонсогч, үзэгчидтэй уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж заасан ч биелэлээ олсонгүй. Нийтийнх болгохын тулд хөтөлбөрөө улирлаар тодорхой болгох ёстой. Тэгж байж хүмүүс юу үзэхээ сонгоно. Арилжааны бусад телевизүүдтэй өрсөлдөхүйц хөтөлбөртэй байж гэмээж нь орлоготой болно. Орлоготой болж байж цалингаа тавина. Түүнээс биш Засгийн газрын харьяа агентлаг шиг хөлдүү, хөшүүн байж болохгүй. Муу ч, сайн ч энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Тэр тусмаа олон нийтийн гэх тодотголтой хэвлэл, мэдээллийн хэрэгсэл шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top